Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a54c9cacb859fb431ae0a12c2f788a50_x3иа.jpg

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулж, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлсэн танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, санхүүгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, улмаар иргэд болон аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн санхүүгийн ачаалал, зардлыг бууруулах, санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс санхүүгийн зах зээлд даатгалын баталгааг шинээр нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан.

Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу аливаа санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдах барьцаа, баталгаа, урьдчилгаа төлбөр, батлан даалтыг зөвхөн банкны баталгаа, бонд, үнэт цаас хэлбэрээр хэрэгжүүлэхээр зохицуулсан байгаа нь санхүүгийн зах зээлд бусад төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр нэвтрүүлэх боломжгүй байдлыг үүсгэж байна. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар аливаа тендерт оролцогч нь тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг зөвхөн банкны баталгаа байдлаар ирүүлэхээр тусгасан байгаа нь учир дутагдалтай юм. Улмаар энэхүү хуулийн хязгаарлагдмал зохицуулалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийнхэн ажил, үйлчилгээнийхээ 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг арилжааны банкнуудад дунджаар 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулах, өөрийн гэх бүх хөрөнгөө банкны барьцаанд тавих зэрэг олон хүндрэлтэй асуудлыг үүсгэж байна гэв.

Мөн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй, урьдчилгаа төлбөр дутаж буй иргэдэд ч гэсэн зөвхөн банкны шаардлага болох 30 хувийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхээс өөр санхүүгийн арга хэрэгсэл, хямд үүсвэр байхгүй байгаа нь байртай болох гэсэн айл өрх бүрд санхүүгийн дарамт, ачаалал болж байгаа нь өнөөгийн санхүүгийн зах зээл дэх нийтлэг үзэгдэл болж байна. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хууль болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр банкнаас шаардах аливаа барьцаа, баталгаа, батлан даалт, урьдчилгаа төлбөрийн шаардлагыг орлох санхүүгийн үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, даатгалын баталгааг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, аж аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хөрөнгө, мөнгөө банканд 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулахгүй, хямд эх үүсвэрээр барьцаа, баталгааны асуудлыг шийдвэрлэх, иргэд банкнаас шаардах байрны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар буюу илүү хямд эх үүсвэрээр бүрдүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдлаа.

Санхүүгийн бодлогын хүрээнд Монголын санхүүгийн зах зээл илүү эрүүлжиж төрөлжих, банкнаас бусад санхүүгийн салбарыг дэмжих, санхүүгийн зах зээлд санхүүгийн шинэ үйлчилгээг бий болгох, хувийн хэвшлийн эргэлтийн хөрөнгө, мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх, улмаар иргэдэд ирэх санхүүгийн ачаалал, зардал буурах боломжтой болно гэж хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, хуулийн төслийн хүрээнд даатгалын үйлчилгээ банкны үйлчилгээнээс юугаараа давуу талтай болох талаар тодруулсан. Монголын санхүүгийн зах зээлийн 80 гаруй хувийг банкны салбар дангаар эзэлж байна. Гэтэл даатгалын үйлчилгээ нийт зах зээлийг 2 хувийг бүрдүүлж байгаа нь манай улсын санхүүгийн зах зээлийн байдал олон улсын жишгээс хэт доогуур байгааг харуулж байна. Олон улсад банк болон даатгалын зах зээл адил хэмжээнд байдаг. Тиймээс санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, банкнаас бусад санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, баялаг бүтээгчдийг дэмжих зорилготойгоор хуулийн төслүүдийг боловсруулсан. Цаашлаад өргөн агуулгаар нь авч үзвэл гадаадаас хөрөнгө оруулалт татах, давхар даатгалын тогтолцоог нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан урьдчилгаа мөнгөө авчхаад ажлаа хийдэггүй компаниудад тооцох хариуцлагын асуудлыг хөндсөн бол УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир даатгалын компаниудын эрсдэлийн сангийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа, “Хуулийн төслүүд батлагдсанаар тендерийн ажил, үйлчилгээний хяналт сайжирна. Тендер авсан компаниудыг цаг хугацаандаа ажлаа гүйцэтгэж байгаа эсэхэд хувийн хэвшил буюу даатгалын компаниудын оролцоотойгоор хяналт тавих эрх зүйн орчин бүрдэнэ. Банк зөвхөн барьцаа хөрөнгийн асуудалд анхаардаг бол даатгалын компаниуд гүйцэтгэлийн явцад бүрэн хяналт тавих боломжтой гэж үзэж байгаа. Мөн одоогийн байдлаар даатгалын компаниудын эрсдэлийн нөөцийн санд 208 орчим тэрбум төгрөг байна. Цаашид өөрсдийн нөөц боломжид тулгуурлаад зөвхөн дотоодын эх үүсвэрээс гэхэд 320 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрсдэлийн нөөцийн санд төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа” хэмээн онцлон тэмдэглэсэн.

Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61 хувь нь дэмжлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх