Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг Эдийн засаг, төсвийн хороогоор хэлэлцлээ. 

Энэхүү нэгж нь нийслэлийн төр, захиргааны ажилтан, албан хаагч болон "Ковид-19" цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн, нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан холбогдох танилцуулгыг хийсэн. Нийслэл Улаанбаатар хотод  амьдарч буй айл өрхүүдийн 208 мянга гаруй өрх нь гэр хороололд амьдарч байна. Судалгаагаар эдгээр өрхийн 87.4 хувь нь орон сууцанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Иргэдийн хувьд орон сууц худалдан авахад тулгарч буй гол  бэрхшээл нь урьдчилгаа төлбөр байхгүй, ипотекийн зээлийн нөхцөл хангахгүй, тогтмол орлогогүй зэрэг шалтгаан байгаа юм.