Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Captureөнөр.PNG

Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд ирэх хүүхдийн тоо жил бүр нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Тиймээс тэдний нийгмийн асуудлыг шийдэх, хэрэгцээг хангах чиглэлд манай улсын төрийн бодлого хэр уялдаж байгаа эсэх талаар “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн ерөнхий захирал М.Өлзийчимэгтэй ярилцлаа. 

-Өнөөдрийн байдлаар “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн харьяанд хэдэн хүүхэд асран хамгаалуулж байна вэ?

-Манай байгууллага 1974 онд үйл ажиллагаагаа эхэлж, өнөөг хүртэл 700-аад хүүхэд хүмүүжиж, амьдралд хөл тавьсан гэсэн судалгаа байдаг. Төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ, шаардлага үүссэн 2-18 хүртэлх насны бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийг хүлээн авч, халамж, хамгааллын үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага юм. Өнөөдрийн байдлаар манай төвд бүтэн өнчин 56, хагас өнчин 55, эцэг эхтэй 66 нийт 177 хүүхэд асран хамгаалалтад байна. 

-Эцэг эхтэй хүүхдүүдийн хувьд энд ирэх болсон гол шалтгаан юу вэ?

-Эцэг эхтэй хүүхдүүдийн хувьд асран хамгаалагч нь архины хамааралтай, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хамгааллын төвд ирдэг. Ихэнхдээ үл хайхрах, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байдаг.

- Төрөөс жилд хэдэн төгрөгийн төсөв олгодог вэ. Хангалттай хүрэлцдэг үү?

-Улсаас төсөвлөсөн мөнгө хүрэлцдэггүй. 2022 онд 2.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Намайг 2016 онд уг ажлыг хүлээн авахад мөн адил үүнтэй дүйцэхүйц төсөвтэй байсан. Зарим онд төсөв багассан тохиолдол ч бий. Гэтэл энэ оны төсвийн тодотголоор 148 сая төгрөг хасагдсан. Үүний 79 сая нь хоол хүнсний зардлаас хасагдсан юм. Энэ нь хүүхдүүдийн хоёр сарын хоол, хүнсний зардалтай тэнцэж байгаа. Үнэндээ, төсвийн тодотгол болон зах зээлд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан энэ оны арванхоёрдугаар сараас эхлэн хүүхдийн хоол хүнсгүй болох эрсдэл үүсээд байна. Тиймээс аргагүйн эрхэнд хүүхдэд өдөрт олгодог хоол хүнсийг багасгахад хүрээд байна.

Тайлбар байхгүй.

No description available.

No description available.

-Асрамжийн үйлчилгээнд хамрагдаж бай­гаа хүүхдүүдэд зориул­сан тусгай батал­сан нор­матив байдаг уу?

-Байлгүй яахав. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн хоногт хэрэглэх хоолны норм, илчлэгийн хэмжээ, зардлын дундаж норматив болон иргэний хувцас, ариун цэвэр, хичээлийн хэрэглэлийн зардлын дундаж нормативууд бий. Гэтэл үүнийг батлахдаа өнөөгийн зах зээлтэй уялдуулаагүй, 2013 оны нормативтай ижилхэн хэмжээнд баталчихсан байгаа юм. 2021 оны есдүгээр сард батлахад нь манай байгууллагын зүгээс зах зээлийн үнийг сайн судалж батлаарай гэдэг саналаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хэлж байсан.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Сангийн сайд, ХНХ-ын сайдын 2021 оны есдүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан тушаалын хавсралтад хүүхдийн дотоож 850 төгрөг, нимгэн оймс 1200, зузаан оймс 1400, унтлагын хувцас 10700, дүрэмт хувцас 56800, гэрийн шаахай 2800, хөхний даруулга 3500, тирко 4200, бээлий 4250, хүзүүний ороолт 7100, зуны гутал 28400, өвлийн гутал 56800 төгрөг гээд баталчихсан.

Ийм хямдхан үнэтэй хувцас хэрэглэл одоо хаана ч байхгүй. Монголд битгий хэл дэлхийгээс хайгаад олдохгүй болсон цаг үе. Өнөө цагт өвлийн гутал гэхэд 100 мянгаас дээш үнэтэй болчихсон байх жишээний. 170 гаруй хүүхдийн хагасыг нь гуталгүй байлгах юм уу гэж төсөв баталсан хүмүүсээс асуумаар байна.

-Хоол, хүнсний зардал нь хэрхэн тусгагдсан бэ?

-Нэг хүүхэд өдөрт 12 грамм өндөг иднэ. Өдрийн үнэ нь 80 төгрөг. Өндөг худалдаж авах үнийг 400 төгрөгөөр бодсон. Тэгэхээр таван өдрийн турш нэг өндөг хувааж иднэ гэсэн үг. Түүнчлэн тараг, аарцыг 2850, сүү 2130, гурил 1280, гурилан бүтээгдэхүүн 2850, ургамлын тос 4000, төмс 1420, төрөл бүрийн будаа 2550, махыг 12200 төгрөгөөр бодож нормативыг баталсан. Хүүхэд өдөрт 110 грамм мах иднэ гэж заасан. Гэтэл ястай махны үнээр бодоод өгчихсөн учир ясны хорогдол гарч хүрэлцэхгүй байгаа. Үүнийг зайлшгүй эргэж харах асуудал. Хүнсний үнэ ямар хэмжээнд өсчихөөд байгааг монголчууд бүгд мэднэ.

-Хүүхдүүдийн ахуйн хэрэглээний зардлын тухайд...?

-Хүүхдүүдийнхээ үсийг долоо хоногт нэг удаа, заримдаа сургууль нь арга хэмжээтэй үед хоёр удаа засуулдаг. Үсчинээр үсийг нь засуулах гэхээр хамгийн багадаа 8000 төгрөг гэдэг. Хүн гуйж илүү хямдаар засуулна. Усанд ороход баталж өгсөн шампунь, савангийн мөнгө нь хүрэлцэхгүй. Шампунь гэхэд 2900 төгрөгөөр бодсон байгаа юм. Үүнд жижиг савлагаатай шампунь л авна. Манай төвд эмэгтэй хүүхэд олон байдаг. Тэд ямар хэмжээнд хэрэглэх нь ойлгомжтой. Мөн гарын саван 700, эдийн саван 700, ариун цэврийн цаас 700, шүдний оо  450 төгрөгөөр бодсон байх жишээтэй.

Тэр байтугай эмэгтэй хүүхдүүд ариун цэврийн хэрэглэл, жаахан хүүхдүүд живх хэрэглэнэ. Энэ мөнгө төсөвт суугаагүй. Ер нь, төсвийг олон хүүхдээр бодоод тооцохоор их мөнгө өгчихлөө гэж боддог байх. Үнэн хэрэгтээ, төсөв нь хаанаа ч хүрэлцэхгүй байгааг хариуцаж ажиллаж байгаа хүний хувьд онцлон хэлмээр байна. Манай байгууллага улсын хамгийн том хүүхдийн байгууллага учир урсгал зардал их гардаг. Монгол Улс хүүхэд нэгдүгээрт гэж тунхагласан. Гэсэн хэдий ч өнөөдөр бодит байдал дээр хоол хүнс нь хүрэлцээгүй, хувцас хэрэглэл нь хангалтгүй байна.

 

 

 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх