etoim.mn
photos/Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэж байна.jpg

Энэ жил Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр ГХЯ-аас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Тус хурлын үеэр хоёр тал дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулсан ажил, цаашид хийхээр төлөвлөж буй томоохон арга хэмжээний талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов нар мэдээлэл өглөө.

С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо “Найрамдлын барилдлагааг байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон.

Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын ард түмэн олон улсын харилцааны өрнөл, хувьслаас шалтгаалсан олон том сорилт бэрхшээлийг хамтын хүчин чармайлт, хамтын тэмцлээр даван туулж, дайны дараах бүтээн байгуулалтад гар нийлэн шаргуу хөдөлмөрлөсний дүнд баялаг арвин агуулгатай, мартагдашгүй дурсамжтай түүхийг бүтээсэн билээ.

Хоёр улсын гадаад харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой энэхүү түүхэн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөг хоёр тал өнгөрсөн онд тохиролцож, энэ оны туршид хэрэгжүүлж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар 2 дугаар сард утсаар ярихдаа Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа эхэлснийг зарласан.

Улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг салбарын 92 арга хэмжээг тусгасан хамтарсан төлөвлөгөөг хоёр улсын төр, засгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, орон нутгийн захиргаа хэрэгжүүлж буйгаас гадна хоёр улсын иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн санаачилгаар олон арга хэмжээ зохион байгуулж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Тухайлбал, Хоёр улсын төрийн тэргүүн нар 4, 7 дугаар саруудад утсаар ярьсан. 2021 оны 6 дугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д албан ёсны айлчлал хийж, Петрбургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо хоорондын цахим уулзалтыг 10 дугаар сард зохион байгууллаа.

Монгол цэргүүд 5 дугаар сарын 9-ний өдөр буюу Ялалтын баяраар ОХУ-ын Улаан-Үд хотод болсон ёслолын жагсаалд оролцож,  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 6 дугаар сард ОХУ-д ажлын айлчлал хийж, “Сэлэнгэ-2021” хамтарсан цэргийн сургуулилтыг Төв аймагт зохион байгуулсан.

8 дугаар сард хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалтыг, 9 дүгээр сард “Спецмаш-2021” Оросын хөдөө аж ахуй, зам засварын техникийн төрөлжсөн үзэсгэлэнг Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой мөн энэ жил тохиож буйтай холбогдуулан 3 дугаар сард цуврал арга хэмжээ зохион байгуулсан. Ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг Шадар сайд С.Амарсайхан нээж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд  сансрын нисгэгч Ж.Гүррагчаа үзэсгэлэнг өөрийн биеэр сонирхогчдод танилцуулсан билээ.

Үүнээс гадна Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг “Хамтдаа 100 жил” цахим буухиаг энэ жилийн турш зохион байгуулж, хоёр улсын төр, засгийн байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, залуучуудын төлөөлөл оролцсон.

10 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн болон ОХУ-ын Байгалын Улсын Их сургууль төгсөгчдийн холбоо хамтран “Монгол-Оросын хамтын ажиллагаа: 100 жил” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азиков нарын хүндэт зочноор оролцлоо.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-ууд буюу Москва дахь ЭСЯ, Эрхүү дэх ЕКГ, Улаан-Үд дэх ЕКГ, Кызыл дэх ЕКГ-ын оролцоотойгоор олон чухал арга хэмжээ зохион байгууллаа.

Тухайлбал, 4 дүгээр сард Санкт-Петербург хотноо “Монголчуудын соёлын өв: Улаанбаатар, Санкт-Петербург хот дахь гар бичмэл болон архивын цуглуулга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, 6 дугаар сард Санкт-Петрбург хотноо “Монгол, Оросын ард түмнүүдийн салшгүй нөхөрлөлийн 100 жил” сэдэвт үзэсгэлэн, 9 дүгээр сард Владивосток хотноо “Монгол, Оросын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийн ойг угтах нь” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Эрхүү хотод “Монголын өдрүүд”  арга хэмжээ, 100 жилийн ойд зориулсан уран зургийн үзэсгэлэн, цуврал лекц, Улаан-Үд “Монгол хэлний долоо хоног”,  Монгол, Оросын аж ахуйн нэгжүүдийн цахим уулзалт зохион байгуулж, Улаан-Үд дэх ЕКГ тус хотын “Ногоон хот” төслийн хүрээнд хотын 100 мод тарилаа. Москва, Эрхүү, Улаан-Үд хотын оюутан, сурагчдын дунд танин мэдэхүйн уралдаан, эссе бичлэгийн уралдаанууд зохион байгуулаад байна.

Хоёр улсын харилцааны түүхийн талаарх тоймтой ойлголтыг олон нийт, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчдад өгөх үүднээс ГХЯ-наас эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгаа, мэдээллийн томоохон бүтээл, тодруулбал “Монгол, Оросын харилцааны он цагийн товчоон”, “Зуун дамнасан нөхөрлөл” гэсэн номуудыг гаргаж байна. Мөн хоёр улсын утга зохиол сонирхогчдод зориулан “Орчин үеийн Оросын зохиолуудын орчуулгын түүвэр” “Орчин үеийн Монголын зохиолуудын орчуулгын түүвэр” хэмээх номуудыг илүү олон хувиар хэвлэж, түгээхэд Монголын орчуулагчдын холбоотой хамтран ажиллалаа.

100 жилийн ойн гол өдөр болох 11 дүгээр сарын 5-ны өдөр ойртож байгаатай холбогдуулан тэмдэглэлт арга хэмжээний давтамж ойртож байна. Үлдсэн хугацаанд дараах томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохиогдож буй “Зууны түүх-зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галарейд нээгдлээ.

  • 11 дүгээр сарын 2-ны өдөр Гадаад харилцааны яам, Монголын Шинжлэх Ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-нд зохион байгуулна.

  • 11 дүгээр сарын 2-ны өдөр Гадаад харилцааны төв архив, Архивын Ерөнхий газар хамтран хоёр улсын харилцааны тухай түүхийн архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ. Уг үзэсгэлэнг мөн их дээд, сургуулиудад үргэлжүүлэн гаргана.

  • 11 дүгээр сарын 4-ний өдөр ОХУ-ын Хойд Осетийн “Алан” Улсын бүжгийн ансамблийн тоглолтыг Соёлын өргөөнд зохион байгуулна

  • 11 дүгээр сарын 5-ны өдөр 100 жилийн ойд зориулсан маркийн нээлт, хүлээн авалт болно.

  • 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ ойд зориулсан хүлээн авалтыг Москва хотноо зохион байгуулна.

Оны үлдсэн хугацаанд түүнчлэн дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулахаар хоёр талаас төлөвлөж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх