etoim.mn
photos/880d7ab497e7951f924dee9804ca1a2a_x377.jpg

Сонгуулийн ерөнхий хорооноос 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цахим уулзалт зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өгч, харилцан мэдээлэл солилцлоо.

Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан, хэлтсийн дарга Б.Батсайхан, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Т.Оюунчимэг, Хэнтий аймгийн сонгуулийн хорооны дарга Ж.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Ирээдүй, Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг, Хэнтий аймаг дахь Монгол Ардын нам, Ардчилсан намын удирдлагууд болон Иргэний Зориг Ногоон нам, Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Зөв хүн-Электорат эвсэл зэрэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл оролцлоо.

Сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл, танилцуулга хийлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгогчдын бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцдаг. Сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаанд нь хэсгийн хороодод хүргүүлсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 51,495 сонгогч, 28 дугаар тойрогт 122,974 сонгогч бүртгэгдсэн. Санал авах өдөр сонгогчийн бүртгэл хийхэд ашиглах техник хэрэгслийг зохих нөөцтэйгээр тооцож, нийт 246 компьютер, техник хэрэгслийг хэсгийн хороодод хүргүүлж, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудыг сургалтад бүрэн хамруулсан тухай мэдээллийг УБЕГ-аас өглөө.

Түүнчлэн цагдаагийн байгууллагад нөхөн сонгуультай холбоотой 27 гомдол ирснээс 22 нь Сонгинохайрхан дүүрэгт, 5 нь Хэнтий аймагт хамаарах хэрэг зөрчил байна. Хуурамч цахим хаяг ашиглаж, сурталчилгаа явуулсан, хулгайлах болон бусдын өмчид халдах, зурагт самбаруудыг урж, сүйтгэх зэрэг хэрэг зөрчил бүртгэгджээ.

Хэсгийн хороодын гишүүд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид, ажилтнуудтай  хамтран зохион байгуулж, “улаан бүс” буюу эмнэлэг, гэрийн тусгаарлалтад байгаа сонгогчийн саналыг авна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2774 сонгогч хүсэлтээ ирүүлсэн байна. Сонгууль зохион байгуулах ажилд нийт 1931 төрийн албан хаагч ажиллаж байна.

Ийнхүү энэ ням гарагт буюу 10 дугаар сарын 10-ны өдөр явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан гэж дүгнээд Сонгуулийн ерөнхий хорооноос дараах үүрэг, чиглэл өгөв. Үүнд: санал авах өдөр үүсч болзошгүй гэнэтийн эрсдэлд бэлэн байж, бэлтгэл ажлыг сайтар хангах, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөх, сонгогчдыг саналаа өгөхөд нөлөөлж болзошгүй байгал, цаг уурын болон бусад эрсдлийг тооцох, гэрэл цахилгааны доголдол үүсэхгүй байхад анхаарч, санал авах байрны ариутгал, цэвэрлэгээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллахыг нийслэл, аймаг, дүүргийн сонгуулийн хороодод, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгогчдыг чирэгдүүлэхгүй байх, ялангуяа сонгогчийн бүртгэлийн систем, техник төхөөрөмжийн ажиллагааг сааталгүй явуулах, гэмтэл саатал үүссэн тохиолдолд яаралтай мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авах зэрэгт онцгойлон анхаарч, хамтран ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээг санал авах өдөр 13:00, 17:00, 21:00 цагт олон нийтэд мэдээлэх болно.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх