Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/183453925_4297962570228530_4973128398493118156_nБЭХБАЯР.jpg

Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдах ХХХll удаагийн олимпын наадамд оролцох эрхээ авсан Монгол Улсын гавьяат тамирчин, “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Бэхбаяртай ярилцсаныг хүргэж байна.

Тэрээр Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээгийн удирдлага дор чөлөөт бөхийн спортоор 2004 оноос хичээллэж спортын гараагаа эхэлсэн. Чөлөөт бөхийн 2012 оны Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2015 оны Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медаль, Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 7 удаа түрүүлж, алтан медаль хүртжээ. Япон Улсад 2021 онд болох олимпын чөлөөт бөхийн 57 кг жинд оролцох эрхээ авсан.

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг төр засгаас үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 152 дугаар зарлигаар “Алтангадас одон”, 2015 оны 190 дүгээр зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн байна.

Юуны түрүүнд энэ онд зохион байгуулагдах олимпод оролцох эрхээ авсанд тань баяр хүргэе.

Баярлалаа. Болгарын Улсын нийслэл Софи хотод болсон “Токио-2020” олимпын наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох тэмцээнд оролцож чөлөөт бөхийн төрөлд олимпын наадмын найм дахь эрхийг авлаа. Бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулж дасгал сургуулилтаа тасалдуулалгүй хийхэд минь тусалж, ойлгож бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дарга удирдлага, хамт олондоо маш их баярлалаа. Хамт олон маань намайг ойлгож, нөхцөл бололцоогоор хангасны үр дүнд л амжилттай оролцож эрхээ авч чадлаа. Тэднийхээ итгэлийг алдаагүй ирсэндээ маш их баяртай байна.

Хатуу хөл хорионы үед эргүүл, хамгаалалтад гарсан уу? Бэлтгэлээ хэрхэн зохицуулж хийж байсан бэ?

Хатуу хөл хорионы үед буюу 3 сарын эхээр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст 14 хоног эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн ажлаа дуусаад 3-р сарын 20-ноос ажлаас минь бүрэн чөлөөлж бэлтгэлдээ орсон.

Анх цагдаагийн байгууллагад орж байсан түүхээ хуваалцаач?

Анх 2013 онд Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороонд тамирчнаар томилогдон орж байсан. 2014 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст эргүүлийн цагдаа, 2018 оноос одоог хүртэл Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороонд дасгалжуулагчаар томилогдон ажиллаж байна. Эрэгтэй хүүхэд бүрийн хүсэл цагдаа болох байдаг. Би ч бас хүүхэд байхдаа цагдаа болохыг мөрөөддөг байлаа. Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж мөрдөстэй тамирчин болсондоо их баяртай байгаа. Мөрөөдөж явсан ажлаа, өөрийн дуртай спорттойгоо хослуулан хийнэ гэдэг хэр баргийн аавын хүү, ээжийн охинд тохиогоод байхгүй боломж юм.

Энэ жил цагдаагийн байгууллагын маань түүхт 100 жилийн ой тохиож байгаа. 100 жилийн ойн дээрээ нэг ёсондоо Монголын цагдаагаа төлөөлөөд олимпод оролцож байгаа маань маш том хариуцлага бас ховорхон тохиох аз гэж бодож байна.

Спортын төвд дасгалжуулагч хийх, Цагдаагийн байгууллагад дасгалжуулагч хийх хоёр хэр ялгаатай вэ?

Мэдээж ялгаатай. Магадгүй аль нэг спортын клубт дасгалжуулагч хийвэл тамирчид, спортоор хичээллэж эхэлж байгаа хүүхэд, залуучуудыг дасгалжуулж, барилдааны мэх, техник, арга барил заана. Харин цагдаагийн байгууллагад бол өөр албаны бэлэн байдлыг нь хангуулж, бие бялдрын дасгал сургуулилт хийлгэнэ. Тэднийг бэлтгэл сургуулилтаар хангах, амжилтыг нь ахиулах гээд үүрэг хариуцлага ч ихэснэ.

Спортын энэ олон төрлүүдээс яагаад заавал чөлөөт бөхийг сонгон хичээллэх болсон бэ?

Би эхээс хоёулаа, нэг ахтай. Ах маань надаас нэг ах бас барилддаг байсан. Олон улсын мастер цолтой. Одоо бол цагдаагийн байгууллагадаа хүчин зүтгээд явдаг. Аав минь ах бид хоёрыг бага байхад л бөх болгоно гээд чөлөөт бөхийн тусгай сургалттай сургуульд оруулсан юм. Тэгж л анх чөлөөт бөхөөр хичээллэж эхлээд, тэмцээнд ороод медаль хүртэл авч түүнээсээ урамшаад, энэ спортдоо улам дурлан хичээллэх болсон. Аав минь их алсын хараатай мундаг хүн. Эцэг хүн үрээ хэзээ ч муу яваасай гэж хүсэхгүй шүү дээ. Зөв замд минь, зөв амьдралд минь өөрөө хөтөлж оруулсан ачтан минь юм. Аав ээжийнхээ тэр их итгэл, сэтгэлийн галыг унтраахгүй улам бадраах гэж хичээж явна даа.

Анх олон улсын дэвжээнд гарч барилдаж байсан үе болон одоо олон улсын дэвжээнд гарч барилдах хэр зөрүүтэй байна. Мэдээж туршлага, ур чадвар ахисан байх.

Тиймээ өөр өөр. 2013 оноос хойш ДАШТ, олон улсын томоохон тэмцээн уралдаанд тасралтгүй явсан. Алдаа болгоноосоо суралцаад, туршлагажаад явж байна. Барилдааны ур чадвар сайжирсан сэтгэл зүйн хувьд хүртэл хамаагүй дэвшилтэд хүрсэн.

Сэтгэлзүй гэснээс тамирчин хүнд бэлтгэл, сургуулилтаас гадна сэтгэлзүйгээ бэлдэх чухал байдаг байх? Сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?

Гэр бүлийнхэн, ажлын хамт олон маань бүх зүйл дээр тусалж, ардаа ямар нэгэн санаа зовох зүйлгүй бүх зүйлээс чөлөөлж өгдөг учир сэтгэлзүй маань харьцангуй тогтвортой байдаг. Мөн манай чөлөөт бөхийн холбоо мэргэжлийн сэтгэл зүйчтэй. Сэтгэл зүйчтэй болохоос өмнө нь хүн өөрөө өөрийнхөө л сэтгэлзүйг зохицуулах боломжтой гэж боддог байсан. Харин сэтгэл зүйчтэй хамтран ажилладаг болсноор ганцхан намайг ч биш өрсөлдөгчийг маань хүртэл судалдаг. Тэдний унах мэх, сул талууд гэхчлэн олон магадлалыг хамтран гаргалцдаг. Ялалтад ганцхан миний харах өнцөг, мэхнүүд хангалтгүй. Өөр бусад хүмүүсийн мэргэжлийн хараа, зөвлөгөө чухал бөгөөд хамтын хүчээр л амжилт ирдэг.

Цаашдынх нь тэмцээн уралдаанд өндөр амжилт хүсье. Токио 2020 зуны олимпын наадамдаа амжилттай оролцоод Монгол Улсынхаа далбааг дэлхийн дэвжээнд мандуулаад ирээрэй гэж ерөөе.

Баярлалаа. Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэндийг үе үеийн нийт алба хаагчдадаа хүргэе. Та бүхнийхээ энэ их итгэл, сэтгэл, урмыг хугалахгүйн төлөө хамгийн сайнаараа хичээх болно. Монгол Улсынхаа төлөө зүтгэж байгаагаа олимпын дэвжээнээс харуулах болно.

Баярлалаа. Амжилт хүсье. 

Эх сурвалж: ЦЕГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх