etoim.mn
photos/“Ай Си Ти групп” компани эх орондоо анхны токенжуулсан үнэт цаас гаргалаа.jpg

Монгол Улсад анх удаа Блокчэйн технологид суурилсан токенжуулсан үнэт цаас гаргах ёслол боллоо. Мэдээллийн технологийн хөгжил, дэвшилтэй уялдуулан үнэт цаасыг токенжуулж хөрөнгө босгох нь уламжлалт хэлбэрийн үнэт цаастай харьцуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэдэг, хөрөнгө оруулагчдад тэгш боломж олгодог зэрэг  давуу талтай.

Токенжуулах гэдэг нь аливаа биет болон биет бус хөрөнгийг дижитал хөрөнгө болгон хөрвүүлэх явц. Токен бүр нь бодит хувьцаа, үнэт цаасаар баталгаажих учир криптокойноос илүү найдвартай, үнэ цэнээр баталгаажсан санхүүгийн хөрөнгө бөгөөд блокчэйн технологид суурилсан арилжааны системээр дамжуулан арилжих, шилжүүлэх боломжтой.

Токений суурь болох үнэт цаас нь бүртгэлийн байгууллагаас гадна блокчейн технологид давхар бүртгэгдэх тул хөрвөх чадвар, найдвартай байдлаараа давуу. Мөн хувьцаа, үнэт цаасыг токенжуулснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал авах, ногдол ашиг тараах зэргийг хялбаршуулах боломжтой юм.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцлоо. Засгийн газар мэдээллийн технологид суурилж төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй, нээлттэй, хүртээмжтэй хүргэх, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхээр зорьж байгааг хэлэв. Мөн Цахим үндэстэн болох цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэдээллийн технологийн салбарт чиглэсэн дөрвөн багц хуулийн төслийг өргөн барьсан. Сул талаа давуу тал болгож, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж алхахад мэдээллийн технологи чухал. Иймээс технологид суурилсан экспортыг хөгжүүлэх ёстой гэж үздэгээ хэлэв. Энэ үед монгол залуус, үндэсний компани дэлхийд өрсөлдөх хэмжээний токенжуулсан үнэт цаас гаргаж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсэв. Цаашид шаардлагатай бодит дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэллээ.

“Ай Си Ти групп” компани дата центр, газар зүйн мэдээллийн систем, блокчэйн платформ, үүлэн технологи зэрэг суурь дэд бүтцийг бие даан хөгжүүлж байна. Өнгөрсөн сард “Тесла” компани дэлхийд анх удаа токенжуулсан үнэт цаас гаргасан бол “Ай Си Ти групп” компани эх орондоо анхны, дэлхийд хоёр дахь токенжуулсан үнэт цаас гаргалаа. Тус компани нэг бүр нь 130 төгрөгийн үнэтэй 124,793,954 токенийг www.trade.mn-ээр дамжуулан арилжаалж эхэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ictgroup.mn/ хуудаснаас авах боломжтой юм.

Эх сурвалж:  Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх