etoim.mn
photos/ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ О.НАСАНБУРМАА ЦАГДАА БОЛОХ БАГЫН МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭНДЭЭ ҮРГЭЛЖ БАЯРЛАЖ ЯВДАГ.jpg

Энэ оны долоодугаар сард Япон Улсад зохион байгуулагдах XXXII удаагийн олимпын наадамд оролцох тамирчид спортын эрхээ аваад байна. Монгол Улсаа төлөөлөн энэхүү олимпод оролцох эрхээ авсан Монгол Улсын гавьяат тамирчин, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын хэв журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаатай цахимаар цөөн хором ярилцлаа.

Цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа нь Токио 2008, Истанбул 2011, Будапешт 2013, 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2013 оны Ази тивийн аварга, Өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алт, нэг мөнгө, 2003 онд Ази тивийн өсвөр үеийн FS-GR-WN ангиллын аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2004-2008 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, хоёр мөнгө, нэг хүрэл, 2007,  2008  онд  Залуучуудын ДАШТ-ээс мөнгө, хүрэл, “Good like open” ДАШТ-ээс хүрэл, 2008 оны “Golden grand prix senior” цуврал тэмцээн болон 2008 оны оюутан залуучуудын ДАШТ-ээс алтан медаль, Монгол Улсын  аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 8 удаа түрүүлж алтан медаль хүртсэн.

Юуны өмнө танд XXXII удаагийн олимпын наадамд оролцох эрхээ авсанд баяр хүргэе.

Баярлалаа. Монголынхоо нийт ард түмэн болон цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдах олимпын наадамд оролцох эрхээ авсандаа маш их баяртай байна.

Олимпын бэлтгэлд хэзээнээс гарсан бэ бэлтгэл нь хэр байна вэ?

Тамирчин хүн тэмцээнээс тэмцээний хооронд үргэлж л бэлтгэлтэй байдаг. Яг одоо бол өдөрт 2-3 удаа, 4-6 цагийн бэлтгэл хийгээд “Эко спорт комплекс”-т байрлаж байна. Токио хотод энэ оны 07, 08 дугаар сард зохион байгуулагдах олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авсан хэдий ч Монголын чөлөөт бөхийн холбооноос эцсийн шийдвэрийг гаргах юм.

Та “Рио-2016” олимпод чамгүй амжилттай оролцож байсан шүү дээ.

Би “Лондон-2012” олимпод оролцох эрх авч байсан боловч хараахан оролцож чадаагүй юм. Харин “Рио-2016” олимпод 69 кг жинд барилдаж, долоодугаар байрт шалгарч байсан. Анх удаа олимпын наадмын их дэвжээн дээр гарч байхад сэтгэгдэл үгээр хэлэхийн аргагүй гоё байсан. Тамирчин хүн тэсвэр хатуужилтай, сэтгэлзүйн асар их бэлтгэлтэй байдаг хэдий ч тэр том дэвжээн дээр Монгол Улсаа төлөөлөн гарах үед маш их хариуцлага мэдрэгдэж байсан. Дэвжээн дээр гараад олон улсын баг тамирчин, дасгалжуулагч, үзэгчдээс их сүрдэж, спортод хайртай Монгол түмнийхээ итгэлийг алдахгүй л байх юмсан гэж боддог юм байна лээ. Харин барилдаан эхлэх үед өөрийгөө бүрэн чөлөөлж, барилдаж чадсан. Хэрвээ энэ жил тэмцээндээ амжилттай оролцвол мэдээж амжилтаа ахиулж, дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулахыг их л хүсэж байна.

Чөлөөт бөхийн спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ? Цагдаагийн байгууллагатай ажил, амьдралын гараагаа хэрхэн холбож байсан бэ?

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Сүхбаатарын удирдлага дор 2003 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлээд 18 жил өнгөрсөн байна. Харин цагдаагийн байгууллагад 9 дэх жилдээ ажиллаж байна. Мөрдөстэй тамирчин байна гэдэг их сайхан шүү дээ. Цагдаагийн алба хаагч байх, тамирчин байх зарим талаар төстэй. Тэсвэр, тэвчээр, хурд хүч, авхаалж самбаа шаардсан цаг наргүй, хүнд хэцүү ч хамгийн дуртай ажил, алба минь. Хүн ер нь дуртай зүйлдээ амжилт гаргадаг шүү дээ.

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Т.Галсан “Дуу дуулж яваа хүнд чөтгөр ойртдоггүй. Цагдаа ойрхон газарт нүгэлтэн ойртдоггүй” гэж хэлсэн байдаг. Зүрх сэтгэл бүр нь зөв бүхний төлөө цохилж, чиглэж байдаг энэ байгууллагад ажиллаж, амьдралаа холбож, цагдаа болох багын хүсэл мөрөөдлөө биелүүлсэндээ үргэлж баярладаг. Ийм сайхан албаараа бахархахгүй байхын аргагүй.

Би албаны дүрэмт хувцсаа өмсөх үнэхээр дуртай. Төрийн одон медалиа энгэртээ гялалзуулж, Монголын цагдаа гэх мянга мянган залуусын төлөөлөл болж явдагтаа маш их баяртай байдаг.

Тэмцээн, уралдаанд оролцоод эх орныхоо нэрийг цуурайтуулж, Очирбатын Насанбурмаа гэж хэлүүлэх тэр торгон агшны мэдрэмжээ бидэнтэй хуваалцаач?

Тамирчин хүний хувьд тэр агшин бол хамгийн гайхалтай, жаргалтай мөч байдаг. Тэр тусмаа Монгол Улсынхаа алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхэд өөрийн эрхгүй огших, баярлах, бахархах, мэдрэмж төрдөг. Дэлхийн дэвжээнд барилдаад ялж гарч ирээд хурдхан шиг л эх орондоо очиж, ээждээ үнсүүлж, аавдаа үнэрлүүлэхийг хамгийн ихээр хүсдэг.

Сүүлд хаана, ямар тэмцээнд оролцсон бэ?

Оросын Холбооны улсын Красноярск хотод 2020 онд зохион байгуулагдсан “Иван-Ярыгина” нэрэмжит тэмцээнд оролцож, гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн. Энэ тэмцээн нь жил бүр зохион байгуулагддаг томоохон тэмцээн юм. Миний хувьд энэ тэмцээнд маш амжилттай оролцож, Монгол Улсаас хамгийн олон буюу 8 медаль авч байсан тамирчин.

Таны амжилт бүтээл, хүч хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар Монгол Улсын “Гавьяат тамирчин” цол хүртээсэн шүү дээ?

Тиймээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 35 дугаар зарлигаар Монгол Улсын “Гавьяат тамирчин” цолоор шагнагдаж байсан. Мөн 2005 онд Олон улсын хэмжээний мастер, 2007 онд Биеийн тамирын тэргүүний ажилтан, Спортын алдар медаль, 2008 онд Алтан гадас одон, Цагдаагийн спортын алдар медаль, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2012 онд Цагдаагийн гавьяа, 2013 онд Чөлөөт бөхийн ялалт одон, 2018 онд Цагдаагийн албаны төлөө-III, 2019 онд Дотоодын цэргийн алдар, 2019 онд Монголын Үндэсний Олимпийн хорооны дээд шагнал "Алтан Очир" тэмдгээр тус тус шагнагдаж байсан.

Танд чөлөөт цаг зав гэж гардаг уу? Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Чөлөөт цаг нээх их гараад байдаггүй л дээ. Хэрвээ зав чөлөө олдвол ном унших, ууланд алхах дуртай.

Энэ жил яруу алдарт цагдаагийн байгууллагын  түүхт 100 жилийн ой тохиож байна. Энэ үеэр эх орондоо байхгүй, олимпын наадамд оролцохоор арлын Япон орныг зорьсон байж магадгүй. Мөрдөс нэг алба хаагч нартаа мэндчилгээ дэвшүүлээч?

Зуун жилийн түүхтэй энэ сайхан албанд мөр зэрэгцэн ажиллаж буй алба хаагчид болон түүхийг бүтээлцсэн ахмад ажилтнууддаа тэмдэглэлт ойн мэндийг хүргэе. Магадгүй энэхүү ойн өдрөөрөө Токио хотноо дэлхийн дэвжээнд хүч үзэж байж магадгүй. Тэгвээс хамгийн сайнаараа бүхий л хүч хөдөлмөр, ур чадвараа дайчлах болно.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Баярлалаа

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв хуудас  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх