etoim.mn
photos/6090d4201a086үсх.png

"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ын хүрээнд монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулахаар болсон.

Үүнтэй холбоотойгоор ҮСХ-ноос төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгааг Хэлний бодлогын Үндэсний зөвлөлтэй хамтран энэ оны 4 дүгээр сард явуулжээ. Судалгааны урьдчилсан дүнг өнөөдөр танилцууллаа.

Судалгааны танилцуулгад Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн дарга, ардын багш С.Дулам болон тус зөвлөлийн гишүүн, ардын багш Ц.Өнөрбаян, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нар оролцлоо. 

ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалын танилцуулснаар, цахим судалгааг энэ оны дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж 160 гаруй мянган албан хаагчийг хамруулсан байна. 

 Нийт судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.7 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн гэсэн бол 46.3 хувь нь бэлэн биш гэж хариулсан байна. Үндсэндээ нийт төрийн албан хаагчдын 72.8% нь үндэсний бичгийн талаар мэддэг гэж хариулсан байсан.

Албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг асуултад хариулсан байдлаас харвал 5.2 хувь нь монгол бичгийн мэдлэгээ "маш сайн" гэж үнэлсэн бол, 13.5 хувь нь "сайн", 28.7 хувь нь "дунд зэрэг", 27.2 хувь нь "мэдэхгүй", 25.5 хувь нь "бага зэрэг" гэж хариулсан байна.

Үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаанд хамрагдсан албан хаагчдыг төрийн албаны ангиллаар харвал 79 хувь нь төрийн үйлчилгээний, 13.3 хувь нь төрийн захиргааны, 4.9 хувь нь улс төрийн, 2.8 хувь нь төрийн тусгай алба хаагчид байна.

Үндэсний бичгийн мэдлэг маш сайн алба хаагчдыг боловсрол, насны бүлгээр харвал 35-39 насных 22.0 хувь, 40-44 насных 17.7 хувь, 45-49 насных 16.2 хувь, 25-29 насных 12.6 хувь, 50-54 насных 6.7 хувь бөгөөд 16.3 хувь нь бусад насных, боловсролын түвшнээр харвал 58 хувь нь бакалавр, 29.0 хувь нь магистр, 5.7 хувь нь дипломын дээд, 2.9 хувь нь бүрэн дунд, 1.8 хувь нь доктор, 1.7 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 1.1 хувь нь бусад боловсролтой алба хаагчид байна.

Үндэсний бичгийн мэдлэг маш сайн алба хаагчдыг салбараар харвал хамгийн өндөр буюу 68.6 хувь нь Боловсрол, 11 хувь нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, таван хувь нь хүнийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаа, 9.4 хувь нь бусад салбарын алба хаагчид байгаа юм.

Түүнчлэн үндэсний бичгийн сургалтын хэрэгцээ шаардлага байгаа эсэх асуултад нийт судалгаанд хамрагдсан албан хаагчдын 85.1 хувь нь тийм, 14.9 хувь нь үгүй гэж хариулжээ.

Сургалтад хамрагдах албан хаагчид ямар хэлбэрээр суралцах хүсэлтэй байгаа гэсэн асуултад хариулт авахад 63.1 хувь нь танхимын, 27.5 хувь нь онлайн, 8.3 хувь нь онлайн болон танхимын, 0.8 хувь нь бусад хэлбэрээр сурах хүсэлтэй гэсэн байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх