Чөлөөт бөхийн Азийн АШТ өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.
97 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий аварга ОУХМ Чинбатын Алтангэрэл шөвгийн наймд Кувейтийн Халид Алшаммариг оноогоор цэвэр яллаа. Тэрбээр хагас шигшээд “Токио-2020” олимпийн наадмын эрх аваад буй эзэн орны Казахстаны Алишер Ергалитай хүч үзнэ.
Харин 70 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэн шөвгийн наймд БНСУ-ын Ли Сун Боныг 7:0-ээр илүүрхэж явсан. Гэвч өрсөлдөгчийнхөө шийдсэн мэхэнд дөрвөн оноо алдаж тэндээсээ даруулж цэвэр ялагдав.
Д.Батзул эзэн орны бөхөд ялагдав
Тэмцээний 79 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Дамжингийн Батзул шөвгийн наймд Риогийн олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, эзэн орны туршлагатай бөх Галимжан Уссербаевтай хүч үзэж 3:4-өөр ялагдав. Казах бөх Галимжан Уссербаев шигшээд шалгарвал Д.Батзул дагаж барилдана.
С.Билгүүн Тажикстаны бөхийг яллаа
65 кг-ын жинд хүч үзэж спортын мастер Сармандахын Билгүүн шөвгийн наймын барилдаанаа Тажикистаны Жамшед Шарифовтой хийж 4:0-ээр яллаа. Тэрбээр хагас шигшээд Энэтхэгийн алдарт Бажранг Пуньятай барилдана.
З.Занабазар Японы бөхөд сүүлийн оноогоор дийлдлээ
57 кг-ын жинд 2017 оны Азийн дэд аварга ОУХМ Занданбудын Занабазар тэгшитгэлийн барилдаанд өнгөрсөн жилийн Бүх Японы аваргын мөнгөн медальт Японы Юүки Такешитад 3:3-аар ялагдлаа. Манай бөх 3:1-ээр илүүрхэж яваад барилдааны төгсгөлд хоёр оноо алдаж ялагдал хүлээв.
Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо