Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tsagdaa4.7.jpg

Дотоод хэргийн их сургууль цагдаа, төрийн тусгай хамгаалалт, хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тусгай албаны офицерын албан тушаалд ажиллах “Аюулгүй байдал-тусгай албаны ажилтан“ бакалаврын хөтөлбөр боловсруулж баталсан.  2021-2022 оны хичээлийн жилд дээр дурдсан агентлагууд захиалгаар 25 оюутан элсүүлэхээр бэлтгэж байна. Бэлтгэл ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Жаргалсайханаас тодрууллаа. Ярилцлагаа Биеийн тамир, албаны бэлтгэлийн  төв хэрхэн байгуулагдсан тухай мэдээллээр эхлэе?    

 -Манай төв Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны “Дотоод хэргийн Их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/133 дугаар тушаалаар биеийн  тамир, албаны бэлтгэлийн төв болон  өргөжсөн. Анх 1982 онд  Нийгмийн аюулаас хамгаалах яамны ЦТДС-ийг Цэргийн дээд сургууль болгон өргөтгөхөд “Биеийн тамирын тэнхим” нэртэйгээр байгуулагдаж, “Биеийн тамирын тэнхим”, “Албаны спортын тэнхим”, “Албаны ба авто бэлтгэлийн тэнхим”, “Бие хамгаалах бэлтгэлийн тэнхим”, “Албаны бэлтгэлийн тэнхим”, “Биеийн тамир, спорт- сургалтын алба” нэртэйгээр сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирээд одоо сургалтын төв болж зохион байгуулаад байна. Манай  төвд Монгол Улсын гавьяат багш, боловсрол судлалын доктор Г.Хаянгарваа, цэргийн болон хууль зүйн  магистр зэрэгтэй, Олон Улсын хэмжээний  мастер, спортын мастер цолтой гээд мэргэжлийн багш нар ажиллаж, цэргийн биеийн тамир, гардан тулаан, албаны тусгай бэлтгэлийн мэдлэг, чадвар, дадал олгох хичээлүүдийг заадаг.  Үүний зэрэгцээ сонсогч, суралцагчдад Гардан тулаан, Байлдааны самбо, жүдо, Сагсан бөмбөг, Волейбол гэх мэт 9 төрлийн секц дугуйланг хичээллүүлдэг юм.  

 Цаашид Тусгай хүчний сургууль байгуулах гэж төлөвлөгөө байгаа талаар та дурдаж байсан.  Энэ сургуулийг байгуулах хэрэгцээ шаардлага, үндэслэл нь юу вэ?    

- Манай төв Дотоод хэргийн их сургуулийн алсын хараа-2050 хөтөлбөрийн хүрээнд Тусгай хүчний сургууль болон өргөжих зорилго тавин ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар төрийн тусгай, цагдаа, дотоодын цэрэг, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албанд 300 гаруй алба хаагчид ажилладаг.  Эдгээр албан хаагчдыг тусгай албаны сургалтын хөтөлбөрөөр бэлтгэх хэрэгцээ шаардлага  зайлшгүй бий болсон. Өмнө нь бол энэ чиглэлээр ажилладаг алба хаагчдыг гадаадын төрөл бүрийн сургалтад хамруулах, байгууллага дээрээ  сургалт явуулах гэх зэргээр бэлтгэдэг  байсан. Тусгай албад нь албаны онцлог, гүйцэтгэх чиг үүргээр үйл ажиллагаагаа явуулж, боловсон хүчин, хүний нөөцөө янз бүрийн боловсролын түвшинтэй төрөл бүрийн спортоор хичээллэдэг залуусаас  сонгон шалгаруулж, ажиллуулдаг. Энэ нь боловсон хүчин бэлтгэх шаардлага хангалтгүй, мэргэшсэн ажилтан бэлтгэж, тусгай ажиллагаанд оролцуулахад хугацаа алдаж байна гэсэн үг. Гадаадын улс орнуудад бол мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлогыг тууштай дэмжин, тусгай хүчний албан хаагчдыг мэргэжлийн сургуулийн бакалаврын хөтөлбөрөөр өндөр түвшинд бэлтгэдэг. Ийм учраас  мэргэшсэн тактикийн бүлгийн ажилтан, тэсэрч дэлбэрэх бодис, саперчин, мэргэн буудагч зэрэг ажилтнуудыг сургаж, бэлтгэн тусгай албадыг хүний нөөцөөр тасралтгүй хангах нь Тусгай хүчний сургууль байгуулах үндэслэл болж байгаа юм.  

 Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалтын орчны хувьд  материаллаг бааз ямар байгаа вэ?    

-Манай сургуулийн хувьд сургалтын таатай орчин бүрдсэн гэж хэлж болно.  2020 онд “Спорт цогцолбор, номын сан”  ашиглалтад орсонтой холбогдуулан   усан бассейнтай болсон. Мөн хичээл сургалт явуулахад болон  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх фитнессийн зал, бууны тийр гээд  шаардлагатай бүхий л нөхцөл бололцоог үе шаттай бүрдүүлсэн. Үүгээр зогсохгүй  гадаад талбайн төлөвлөлт, галын спорт хөгжүүлэх талаар багагүй ажил хийхээр төлөвлөж байна. Мөн  би өөрийн олон жилийн хуримтлуулсан туршлага, мэргэжил арга зүй дээрээ түшиглэж, тусгай албаны офицероор суралцах сонсогч нарт зориулсан ““Swat”-ын тусгай бэлтгэл” ном хэвлүүлсэн. Цаашид ном, сурах бичиг гарын авлага хэвлүүлэх, суралцах орчныг бүрдүүлэх  чиглэлээр багагүй ажил хийхээр төлөвлөөд байна.  

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа хүчний байгууллагуудын гүйцэтгэх чиг үүрэг нь ямар байдаг вэ?    

-Тусгай чиг үүргийн хүрээнд алба хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризмтой тэмцэх сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, баривчлах, ялтныг хуяглан хүргэх гээд амаргүй ажил албыг гүйцэтгэдэг. Энэ бүхэнд алба хаагчаас мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг. Мөн нүүлгэн шилжүүлэх, хил зөрчигч, оргодлыг эрэн сурвалжлах, хорих анги, хилийн боомтод үүссэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, хилийн хяналтын орчин, алба хаагчдад учирч болох аюулыг таслан зогсоох ажиллагаанд оролцох, өндөр албан тушаалтныг хамгаалах болон барьцаанд авагдсан хүн, объект, тээврийн хэрэгслийг чөлөөлөх, биечилсэн хамгаалалт зохион байгуулах гээд маш өргөн хүрээнд ажилладаг. Ийм ажил үүрэг гүйцэтгэдэг  ажилтнуудыг сургаж бэлтгэх, тусгай албадыг мэргэжлийн боловсон хүчнээр тасралтгүй хангах суурь тавигдаж байна гэсэн үг.  

Танай төвөөс жил бүр “Сонсогчийн алдар” тэмцээнийг зохион байгуулдаг.  Энэ тэмцээний талаар?    

-Манай төвөөс “Сонсогчийн алдар”  тэмцээнийг анх 1994 онд  Цагдаагийн академийн нэрэмжит тэмцээн болон зохион байгуулагдаж байсан түүхтэй. Жилээс жилд өргөн хүрээнд зохион байгуулдаг энэ тэмцээнд манай сонсогчид маш идэвхтэй оролцдог их өрсөлдөөнтэй тэмцээн. Сүүлийн хоёр жилийн хувьд цар тахлын халдвар  гарсантай холбогдуулан цаг хугацаа  хэвийн болохоор бид уламжлал болгон зохион байгуулдаг энэ тэмцээнээ зохион байгуулна.  

Таны хувьд Тусгай ажиллагааны чиглэлээр  мэргэшсэн алба хаагчдын нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ чиглэлээр хэдэн жил ажиллаж байна. Тусгай хүчний сургуульд суралцахыг зорьж байгаа сонсогч суралцагч нарт ямар зөвлөгөө өгөх бэ?      

-Миний хувьд 1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын “Хамгаалалтын тусгай тасаг байгуулах тухай” тушаалаар одоогийн Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар “Гуравдугаар тусгай тасаг” нэртэйгээр байгуулагдахаас эхлээд ажилласан.  Олон нийтийн жагсаал цуглаан, зэвсэглэж оргож зугтах, барьцаалах, бүлэглэж хүний аминд хүрсэн этгээдүүдийг баривчлах, гал, үер, ослын үед дайчлагдан хэргийн газрыг хамгаалах гээд дээр дурдсан бүхий л чиг үүргээр үүрэг гүйцэтгэж байлаа. Тусгай тасгийнхан галт зэвсэг, авто машиныг бүрэн эзэмшихээс гадна бие хамгаалах урлаг, тэр дундаа байлдааны самбо, каратэ  бол үндсэн чадвар байх ёстой. Мөн усанд сэлэх, өндөрт авирч, буух, газрын зураг унших, техникийн мэдлэгтэй байхын хамт сэтгэлзүйн өндөр бэлтгэлийг шаардана. Үүнээс гадна мөрдөгч нохойтой харьцаж сурах чухал ажил байна. Дурдаад байвал олон доо. Энэ бүх бэлтгэл сургуулилтыг сэтгэлийн хатаар л даван туулна. Манай залуучууд мундаг ажилладаг. Ирээдүйд энэ чиг үүргийн хүрээнд ажиллах залуучуудыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Эх сурвалж: Монгол улсын Дотоод хэргийн их сургууль

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх