etoim.mn
photos/yariltslaga.jpg

Иргэд  өөрийн эзэмшлийн болон өмчилсөн газартаа барилга барихдаа тухайн газрыг хотын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгасныг шалгах ёстой байдаг. Энэ талаар болон бусад асуудлаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн  хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уултай ярилцлаа.

Хот байгуулалт, хөгжлийн газрын чиг үүрэг юу вэ?

-Хот байгуулалт хөгжлийн газар нь нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга, байгууламжийн зөвшөөрлийг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүний дагуу боловсруулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нэгж харуулын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн олгодог. Манай байгууллага чиг үүргийнхээ хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт судалгаа хийж, түүнийхээ байршлыг тогтоож, бусад чиг үүргийн байгууллагуудад мэдээлэл өгч, хамтран ажилладаг. Бид 2017 онд маш өргөн хүрээтэй судалгаа хийсэн. Их тойруугийн нутаг дэвсгэр буюу хотын цагариг хэлбэрийн нутаг дэвсгэрт нийт 1113 га талбайд явган хүний зам хийхдээ хаана зам чөлөөлөх, хаана шинээр хийхийг судалсан. Мөн хайс, хашлага зөвшөөрөлгүй барьсан газруудад судалгаа хийж, ерөнхий архитектороор батлуулж, товхимол болгосон байгаа. Үүнийгээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүлээлгэн өгсөн. Үүний дагуу “Хашаа” арга хэмжээ хийдэг. “Хашаа” арга хэмжээний хүрээнд зөвшөөрөлгүй барьсан объект, хайс, хашааг жил бүр чөлөөлж, зам, талбай гаргах, явган замыг нээлттэй болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил Нийслэлийн Ерөнхий менежерийн А/41 дүгээр тушаалаар “Хашаа” арга хэмжээг үргэлжлүүлж байгаа. Нийслэлийн есөн дүүрэгт дэд ажлын хэсэг гарч дүүргийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Манай байгууллагаас дүүрэг болгоныг хариуцсан архитектор, мэргэжилтнүүд тухайн Ажлын хэсэгт багтаж, газар дээр нь судалгаа хийж, хайс, хашаагаа зөвшөөрлийн дагуу барьсан эсэх, зөрчилтэй газар байгаа эсэхийг шалган ажиллаж байгаа.

Нийслэлд барилга барих зөвшөөрлийг хэрхэн олгодог вэ?

-Барилга, байгууламжийн зөвшөөрөл олгох үе, шат гэж бий. Нэгдүгээрт, архитектор төлөвлөлтийн даалгавраа авах ёстой. Иргэн та эзэмшиж байгаа, өмчилж байгаа газар дээрээ барилга, байгууламжийн зөвшөөрөл авахдаа юуны түрүүнд хотын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгасан байгааг, ямар шаардлагад нийцсэн байх ёстой зэрэг үндсэн шаардлага буюу архитектор төлөвлөлтийн даалгавраа манай байгууллагад онлайнаар болон биеэр ирж өгөх боломжтой. “Дүнжингарав”, “Мишээл экспо”, “Драгон”, 6 буудал зэрэг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд мөн өгч болно. Иргэдийн ирүүлсэн материалын дагуу бид ажлын 10 хоногт багтаан газар дээр нь очиж, судалгаа хийн хотын мэдээллийн сангаас шүүж мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулдаг юм. Мэргэжлийн зөвлөлийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу архитектор төлөвлөлтийн даалгавар боловсруулан батлуулж, хүсэлт гаргасан хуулийн этгээд, иргэнд хариу мэдээлдэг. Хүсэлт гаргагч нь архитектор төлөвлөлтийн даалгаврын дагуу мэргэжлийн зураг төслийн байгууллагад хандан барихаар төлөвлөсөн барилга, байгууламжийнхаа зургийг гаргуулах ёстой. Тухайн зураг төсөл нь үлгэрчилсэн загварын дагуу боловсруулагдана. Энэхүү үлгэрчилсэн загварт явган зам, авто замын хөдөлгөөний шаардлага, стандартыг хангаж байна уу, үгүй юү гэдгийг тусгайлан зааж өгсөн зураглал дээр хөдөлгөөний график, схемийн дагуу зөвшилцдөг. Үлгэрчилсэн загвар зургийг нарийвчлал өндөртэй боловсруулсан. Зураг төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын зураглал ч гэсэн илүү нарийвчлалтай, судалгаатай, графикийн дагуу хийгдэж байгаа. Өмнө нь зарим архитекторууд хүсэлт гаргасан иргэний зураг төслийг хийхдээ газар дээр нь очиж үздэггүй, төсөөллийн хүрээнд хийдэг байсан. Үлгэрчилсэн загвар зургийг гаргаснаар энэ байдлыг зогсоож, яг бодит байдал дээр ямар байгааг, хэтийн ерөнхий төлөвлөгөөнд яаж тусгасан байгаатай уялдуулан зөвшилцөж, зураг төслийг ерөнхий архитектор баталдаг болсон. Загвар зураг дээр шинээр барьж байгаа барилга, байгууламжийн үндсэн гудамжны хөдөлгөөн, тухайн барилгын хөдөлгөөн тодорхой гарснаар явган замын эрсдэл багасах боломжтой юм.

Хайс, хашаа буулгах, зам чөлөөлөх ажилд иргэдийн оролцоо хэр байна вэ?

-Хэдхэн жилийн өмнө иргэд хайс, хашаа буулгах, шинээр гудамж, зам нээх асуудалд төдийлэн эерэг ханддаггүй, ойлгодоггүй, дэмждэггүй байсан бол одоо эерэгээр хандаж, өөрсдөө хүсэлт гаргадаг болсон. Энэ нь мэдээлэл сайн авч байгаатай холбоотой юм. НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт хайс, хашаа барих, буулгах журмыг 2019 онд баталсан. Энэ журамд ямар байгууллага хашаатай байж болох, хашаа нь ямар стандарттай байх гэдгийг маш тодорхой зааж өгсөн байгаа. Мөн энэ асуудалд ямар байгууллага ямар үе, шаттай оролцохыг зааж өгсөн. Манай байгууллага энэ журмын дагуу байгууллагууддаа зөвлөгөө өгч, чиг үүргийн байгууллагууд үүний дагуу ажиллаж байна.

Иргэдийн 51 хувь нь нийтийн тээврээр, 41 хувь нь өөрийн унаагаар, таван хувь нь такси үйлчилгээгээр, хоёр хувь нь явганаар ажилдаа явж байна гэсэн судалгаа гарсан. Явганаар ажилдаа явж байгаа хүмүүст улирлын шалтгаан байдаг. Явган замаас гадна унадаг дугуйн замыг 2010 оноос хойш хийж эхэлсэн. Хөгжиж байгаа хотууд явган зам, дугуйн зам зэрэг зориулалтын замыг маш сайн хийдэг. Манай хот ч ийм төрлийн зориулалтын замуудыг хийж байгаа. Зориулалтын замаараа зорчих соёлыг иргэд бид дэлгэрүүлж, хүүхэд залуустаа зөв ойлгуулж, замын тэмдэглэгээг анхааруулж байх хэрэгтэй. Ингэснээр замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломж бүрдэнэ. Явган зам, дугуйн зам, авто замын хөдөлгөөнд соёлтой оролцож байхыг нийт иргэддээ уриалж байна.    

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

irged

[66.181.171.26]

2021-04-03 20:02:25

mash sain baina bair oron suutsnii gaduurx xashaanuudiig buulga mashinii sogsool ix xeregtei b a amjilt