etoim.mn
photos/11_20210324083431.jpg

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяртай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн шалтгаан, нөхцөл болон бусад зүйлийн талаар ярилцлаа.

-Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Замын хөдөлгөөний удирдлагын төв 2010 онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд гэрлэн дохиог нэг төвөөс удирдан зохион байгуулж, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан. Улаанбаатар хотын хэмжээнд явган болон автомашины 150 орчим гэрлэн дохионы зохицуулалт, хяналтын, зөрчлийн зэрэг олон чиг үүргийн 200 орчим камерийн тусламжтайгаар өдөр тутмын үйл ажиллагааг 24 цагаар явуулдаг байгууллага. Өдөртөө дунджаар 450 мянга орчим тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах чиг үүргийг Тээврийн цагдаагийн албаны Хөдөлгөөн зохион байгуулах хэлтсийнхэнтэй хамтран өдөр тутамдаа үйл ажиллагаа явуулдаг. 39 хяналтын камерын тусламжтайгаар уулзвар дээр байгаа цагдаа станцаар төв рүү холбогдон, хөдөлгөөнийг удирдан зохион байгуулдаг. 

-Дэлхийн олон хотын толгойны өвчин болсон асуудал түгжрэл байдаг. Улаанбаатар хот ч мөн ялгаагүй. Энэ чиглэлд хэрхэн ажиллах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Зогсоол, түгжрэлийн асуудлыг бүрэн шийдсэн хот байхгүй болов уу. Энэ аргыг хэрэглээд л түгжрэлгүй болгоно гэсэн арга мэдээж байхгүй. Хот болгон өөр өөрийн онцлогтой, жаргал, зовлонтой. Улаанбаатар хотын хувьд ч хөдөлгөөний хэт ачааллыг нэг өдрийн, эсвэл нэг удаагийн үйлдэл, шийдвэрээр шийдчих боломжгүй. Гэхдээ бид бусдын алдааг давталгүй, зөв, оновчтойг нь хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Жилдээ 85000-95000 тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа. Замын өсөлт, хэрэгжүүлэх бодлого, шийдвэр нь энэ механик өсөлтөө яагаад ч гүйцэхгүй байна.

Замын хөдөлгөөний түгжрэл, ачаалал нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, тээврийн хэрэгслийн тоо, автомашины насжилт, хотын төлөвлөлт, эдийн засаг, хөдөлгөөнд оролцогчдын соёл гэх мэт маш олон аргументыг авч үзэх хэрэгтэй. Хөдөлгөөний ачааллыг бууруулахад инженерчлэл, хууль эрх зүйн орчинг сайжруулах, соён гэгээрүүлэх гэсэн гурван чиглэлээр томьёолж  ажиллах шаардлагатай. Ажлын цагийн уян хатан зохицуулалт, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашинаас татгалзах бусад нөхцөлийг сайжруулах гэх мэт богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлууд байна.

Улаанбаатар хот газар зүйн байршлын хувьд дөрвөн уулын дунд хашигдсан,  төв цэг буюу бидний хэлж заншсанаар Сүхбаатарын талбайгаас хоёр километрийн радиуст их, дээд сургууль, яам, улсын эмнэлэг гэх мэт томоохон 86 байгууллага нэг доор оршиж байгаа нь төв рүүгээ чиглэсэн хэт ачааллыг үүсгэх нөхцөлийг бий болгодог. Цаашид энэ төвлөрлийг сааруулах, төрийн ажил үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, олон төвт үйлчилгээг дэмжих зэрэг томоохон бодлогын ажлууд хэрэгжинэ. 

-Гэрлэн дохионы асах хугацааг хаанаас, хэрхэн тохируулдаг вэ?

-Бүх уулзварын гэрлэн дохионы асах хугацаа, горимыг зохицуулахдаа нэвтрэн өнгөрч буй явган зорчигч болон тээврийн хэрэгслийн тоог цаг цагаар гарган, тухайн өгөгдлийг мэргэжлийн программ хангамжаар тооцоолж хуваарилдаг. Баяр ёслолын болон сурагчдын амралт эхэлсэн үед өглөө, оройн цагийг бодолцон өөр өөрөөр тохируулдаг. Мөн эмнэлгийн түргэн тусламж, галын дуудлага, өндөржүүлсэн хамгаалалттай гаднын зочин төлөөлөгч ирсэн үед, зам тээврийн осол, саатал гарвал цаг үеийн нөхцөл байдалдаа тохируулан 24 цагаар ажилладаг. 

-Иргэд замын цагдаа зогсохоор л түгжрэл бий болоод байна гэдэг шүү дээ. Энэ хэр үнэний ортой вэ?

-Замын цагдаа байхгүй болчихвол бид дүрмээ баримтлаад зорчоод байж чадах уу гэдгээ өөрсдөөсөө асуугаад үзэх хэрэгтэй. Цагдаагийн албан хаагчийн гүйцэтгэх гол үүрэг юу вэ. Товчхондоо бол хууль сахиулах, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих. Өөрөөр хэлбэл, жолооч нарын үүсгээд байгаа зохиомол түгжрэлийг зохицуулах үүрэггүй. Гэсэн ч жолооч нарын зөрчлийг бууруулах, чагтлаад зогсчихдог уулзварыг зохицуулах гэж үндсэн хяналт шалгалт хийх, хууль сахиулах үүргээ орхиод арга буюу уулзварт орж дохидог. Хотын хөдөлгөөний хэт ачааллын голлох шалтгаан нь дүрэм зөрчдөг жолооч нар байдаг. Зогсох ёсгүй газар машинаа орхиод явдаг. Гэрлэн дохио зөрчих, эгнээ байр солих гээд зөрчлүүд нь хөдөлгөөний аюулгүй байдал болоод ачаалалд сөргөөр нөлөөлдөг. Өөрөө чихэж орж уулзварыг чагталж гацаачихаад л цагдаа нь яачихав гээд байдаг. Уулзварыг чагтлуулахгүй байх үүднээс Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх гэж шар зураасан тэмдэглэгээ хийж, анхааруулах самбар байршуулж, камер суурилуулж, хариуцлага тооцдог.

-Тээврийн хэрэгслийн насжилт хөдөлгөөний ачаалал үүсэхэд нөлөөлдөг үү?

-2020 оны аравдугаар сарын байдлаарх судалгааг авч үзвэл, нийт тээврийн хэрэгслийн 78 хувь нь 10 жилээс дээш жилийн насжилттай, 0-6 жилийн насжилттай машин есхөн хувийг эзэлж байна. Автомашины насжилт агаарын бохирдолд нөлөө үзүүлэх, хорт утаа гаргахаас гадна техникийн бүрэн бус байдал бий болгох, зам дээр эвдэрч гэмтэх, унтрах гэх мэтээ түгжрэл үүсгэдэг. Үүнийг дагаад жолооч, зорчигчийн амь настай холбоотой аюулгүй байдлын асуудал яригдаж эхэлнэ. Өвөл насжилт хэтэрсэн “халзан” дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа нь шууд бус утгаараа заналхийлж байгаагаас ялгаагүй. Ядаж л гүүрэн дээр хий эргээд зогсдог, энэ нь зохиомол түгжрэлийг бий болгодог.

-Түгжрэлийг бууруулахад жолооч нар хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

-Манай жолооч нарын түгээмэл гаргадаг алдаанууд нь эргээд зохиомол түгжрэлийг бий болгодог. Эгнээ, байр буруу эзлэх, давхар эргэх, орох боломжгүйг харсаар байж тулж ороод уулзвар чагтлах, урсгал сөрөх, нэгдүгээр эгнээнд машинаа орхих, гэрлэн дохиогоор зохицуулалт хийгээд байхад гэрэл улаанаар орчих жишээний. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн тоо хангалттай буурахгүй байна. Осол гэмтлийн 90 хувьд нь суудлын хамгаалах бүс зүүгээгүй байдаг. Түүнчлэн хүүхдийн зориулалтын суудал яагаад зайлшгүй хэрэглэх ёстойг ойлгуулахын тулд олон байгууллага ажилласаар л байна. Хэн ч өнөөдөр аваар осол хийе гэж гэрээсээ гардаггүй. Болзошгүй аюулаас бусдыг болон өөрийгөө, гэр бүл,   үр хүүхдээ урьдчилан сэргийлэх хэрэгтэй.  Автомашин бол сэлбэгтэй, хүний бие эрхтэн бол сэлбэггүй заяагдсан шүү дээ. Машинд суусан бол бүсээ зүү, хажууд суусан хүнээ бүсээ зүүхийг шаардах эрхтэй, бас үүрэгтэй. Замын хөдөлгөөнд оролцохдоо “Миний хийж байгаа үйлдэл зөв билүү, би бусдад саад учруулаагүй байгаа?”, “Хотын хөдөлгөөнд оруулж байгаа миний хувь нэмэр юу байна вэ?” гэдгийг бүгд дор бүрнээ бодвол сайн сан. ТА-БИ-ТА зарчмаар бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандахад анхаараасай.

-Торгууль хэт өндөр байна, торгуулийн төлөвлөгөө хэрэгжүүлж байна гэсэн гомдлууд гардаг шүү дээ. Үүнд хариулт өгөхгүй юү?

-Хөдөлгөөн зохицуулах болон зөрчил илрүүлэх камерууд болон түүнийг удирддаг манай хамт олны зорилго жолоочийг торгохын төлөө биш, жолооч, зорчигчдод хүссэн газраа аюулгүй, саадгүй хүрэхэд нь туслах юм. Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулж, замын хөдөлгөөний холбогдох дүрэм, заалтыг зөрчсөн л бол хэн ч бай хариуцлагаа хүлээх л ёстой. Торгууль бол татвар биш, харин захиргааны зөрчил гаргасныхаа төлөө хүлээж буй хариуцлага, шийтгэвэр юм. Өөрөөр хэлбэл, та замын хөдөлгөөнд соёлтой, дүрмээ баримталж оролцвол нэг ч төгрөг торгуульд төлөхгүй шүү дээ. Дүрэм зөрчсөн нь хожоод, дүрмээ баримталсан нь хохирдог байж болохгүй. 1.5 сая иргэнтэй зэрэгцэн оршин байгаагаа ухаарч, бусдадаа саад учруулалгүй үйл хөдлөл, үг хэлээрээ энэ хот хэмээх их айлын нэг эд эс гэдгээ алхам тутамдаа ухаарах ёстой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх