etoim.mn
photos/162097917_856799211562329_3327174867874943619_n_20210323010621.jpg

UBS телевизийн "Өглөөний мэнд Улаанбаатар" нэвтрүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн оролцож, "Хотын түгжрэл ба нийтийн тээвэр" сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Коронавирусийн үед авто замын хөдөлгөөний ачаалал буурсан гэж бодож байна. Ер нь ямар байгаа вэ?

-Ковидын үед олон байгууллага ажиллаагүй. Томоохон худалдааны төв цагийн зохицуулалтад орж, сургууль, цэцэрлэг зэрэг олон хүн зорчих хөдөлгөөн хийдэг газрууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал харьцангуй боломжийн байна. Вакцинжуулалтын дараа хэвийн амьдралдаа орохоор түгжрэл эргээд бий болно. Бид иймээс тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

-Улаанбатар хотын түгжрэл иргэдийн хамгийн том тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Түгжрэл хаана, ямар байршилд хамгийн их байдаг вэ?

-Улаанбаатар хотын замын бүх сүлжээ түгжирч байгаа. Үүний учир шалтгааныг олон талаас нь судалж, шалтгаан, нөхцөлийг тогтоосон. Жишээ нь, зам дээр осол гарахад ард нь яваа бүх машин зогсдог. Осол гарсан учраас  цагдаа, даатгалын компаниа дуудна. Үүнээс болж замын нэг шугам хаагддаг. Мөн бороо, цас орох гэх мэт цаг агаарын онцгой нөхцөлд түгжрэл бий болдог. Түүнчлэн түгжрэлийн оргил цаг гэж бий. Өглөө 07:00-10:00 цаг хамгийн оргил үе. Хүмүүс ажилдаа явж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх гэх мэтээр бүгд замын хөдөлгөөнд оролцдог учраас ачаалал нэмэгддэг. Орой 17:00-20:00 цагийн хооронд мөн оргил ачаалал үүсдэг. Томоохон зах, худалдааны төв амардаг өдөр тэр хавийнх нь зорчих хөдөлгөөн эрс багасдаг байдал ажиглагддаг. Үүнээс дэд төвүүдийг байгуулах, дагуул хотоо хөгжүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гаргаж байгаа. Ялангуяа томоохон захуудыг тараан байрлуулах, уян цагийн зохицуулалтад оруулах хэрэгтэй болж байна. Хичээл, сургууль эхлэхээр түгжрэл нэмэгддэг нь судалгаагаар тодорхой болсон. Ойролцоогоор 19-28 хувиар замын хөдөлгөөнд ачаалал үзүүлж байна. Энэ бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудал. Иймээс бид сургууль, цэцэрлэггүй хороодод 50 сургууль, 95 цэцэрлэг байгуулахаар БШУЯ, Засгийн газартай хамтран судалгааны ажил хийж, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Замын сүлжээ хотын төвдөө сайн боловч хотын захуудаар төв рүү ордог ганц хоёрхон шугамтай, тэдгээрт өндөр ачаалал үүсдэг. Үүнийг өргөжүүлж, 2-3 шугам нэмж, хэвтээ болон босоо чиглэлийн замуудыг нэмж барих Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулаад дуусаж байна. Ирээдүйд Улаанбаатар хотын зам стандартын тоноглолтой сүлжээтэй болох төлөвлөлтүүд, ажлууд хийгдээд явж байна.

-Түгжрэл гэхээр нийт тээврийн хэрэгслийн тоо болон нийтийн тээврийн хүртээмжийн асуудал сөхөгдөнө. Нийслэлийн хэмжээнд автомашины тоо хэд хүрээд байна вэ?

-Одоогийн байдлаар нийслэл хотод 615 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Жилд 40-50 мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг. Эдгээрийн дийлэнх хувь нь буюу 92 хувь нь долоогоос дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна. Улаанбаатар хотын өрхийн тоо 414 мянга. Нэг өрхөд 1.5 тээврийн хэрэгсэл ноогдож байна. Гэхдээ өрх бүр тээврийн хэрэгсэлтэй биш шүү дээ. Нийтийн тээврээр зорчих хөдөлгөөн жилээс жилд буурч байгаа. Үүнээс нийтийн тээврийн салбар уналттай байгаа гэдгийг харж болно. Бид нийтийн тээврээ  хөгжүүлэх шаардлагатай. Иймээс томоохон төсөл, хөтөлбөрүүд, судалгааны ажлууд хийж байна. Азийн Хөгжлийн банктай гэрээ, хэлэлцээрийн түвшинд ажил явж байна. Тодруулбал, нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний томоохон хэмжээний судалгаа, маршрутын төлөвлөлт, шинээр барих зогсоолуудын тоо гэх мэтийг нарийвчилж гаргаж байгаа.

-Иргэд замын түгжрэл их байгаа учраас зам, уулзварын тоог нэмэх хэрэгтэй гэдэг саналтай байдаг. Зам, уулзварын тоог нэмэх чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

-Уулзваруудын тоог нэмэхээс илүү уулзвараар дамжин өнгөрч байгаа нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гадаадын туршлагаас харвал, ухаалаг гэрлэн дохио, камерийн системийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал 7-9 хувь буурдаг гэх тооцоолол бий. Манай гэрлэн дохионууд 10 гаруй жил болоод хуучирчихсан, засвар, үйлчилгээ шаардлагатай, кабель шугамууд гэмтэлтэй, серверүүд хуучирчихсан, сэлбэг хэрэгсэл нь олдохгүй хэмжээнд хүрсэн. Үүнийг яаралтай солих, шинэ, ухаалаг гэрлэн дохио тавих шаардлагатай. Энэ чиглэлд ажлууд хийж байгаа.  

-Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь оршин суудаг. Их хотын залуус соёлтой байх хэрэгтэй. Жолооч нарын хандлага ямар байна вэ?

-Их хотын иргэд орчин үеийн соёлтой байх ёстой. Явган хүний зам таглаад машинаа тавьж болохгүй. Зогсоол дээр машинаа зөв байрлуулах хэрэгтэй. Ер нь жолооч нар явган хүнд тааламжгүй байдлаар, соёлгүй хөдөлгөөнд оролцдог. Үүнийг бодлогын хүрээнд ЗТХЯ-тай хамтран, жолоочийн соёлыг нэмэгдүүлэх, онооны системийг сайжруулах, автомашины оношилгооны асуудалд томоохон өөрчлөлтүүдийг хийх гэх мэт ажлууд хийгдээд эхэлж байгаа.

-Замын түгжрэлийг бууруулах ямар гарц, гаргалгаа байна вэ?

-Нэгдүгээрт, хотын төвийн автомашины зогсоолыг нэмэгдүүлэх ажил хийнэ. Зогсоолыг төлбөртэй болгох ёстой асуудал яригдана. Иргэд зогсоол хайгаад 26 минут явдаг гэсэн тооцоо гарсан. Зогсоолоо яаралтай шинэчилж, сайжруулах ажил хийнэ. Хоёрдугаарт, машин, зам ярихгүй, жолоочийн соёл, нийтийн тээврээ ярина. Хамгийн гол нь явган хүний зорчих хөдөлгөөн маш их саад тотгортой байна. Улаанбаатар хот битүү хашаатай, явахад хүндрэлтэй, явган зам, гэрэлтүүлэг, камер байхгүй, аюулгүй байдал хангалттай биш нөхцөлд байна. Нийслэлээс "Хашаа" арга хэмжээ явуулж, явган хүний зорчих хөдөлгөөнийг саадгүй болгох ажлууд хийнэ. Нийтийн тээвэрт томоохон шинэчлэл хийх ёстой төсөл, хөтөлбөр байгаа. Парк шинэчлэлийн ажлыг эрчтэйгээр хийж, гэрээ, хэлэлцээрийн түвшинд ажлууд явж байна. Тулгамдаж байгаа асуудал нь зарим гол замууд, тэр дундаа Энхтайваны өргөн чөлөөнд замын ачаалал маш өндөр байдаг. Ийм гол замаар багтаамж ихтэй, хурдтай, цагийн хуваарийн дагуу явдаг тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх тал дээр техник, эдийн засгийн судалгаанууд хийж, ажлууд эхэлсэн.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх