etoim.mn
photos/GJ1A8114-6y8y6fjrov55y4ep1nxnn6xwjbrkxijl1c03p45a340.jpg

НОБГ-ын “Оны шилдэг аврагч”-аар шалгарсан нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Мөнхбаярын Мөнхмандахыг энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа урьж, ажил, амьдралынх нь амжилт бүтээлийн тухай яриа өрнүүллээ.

-Таны амжилтыг удирдлага, хамт олон нь үнэлсэн байна. Урам зориг, эрч хүчээр дүүрэн байгаа байх?

 Тэгэлгүй яахав. Удирдлагын дэмжлэг, хамт олны минь амжилт, гэр бүлийнхний минь итгэл намайг энэ шагналын эзэн болголоо. Баяр, бахдал дүүрэн байна. Онцгой албатайгаа ажил, амьдралаа холбоод 20 жил болжээ. Анх  2000 онд тухайн үеийн Зэвсэгт хүчний 122 дугаар ангид /одоогийн Үндэсний аврах бригад/ усчин аврагчаар ажлын гараагаа эхэлж байлаа.

-Тангараг өргөсөн шинэхэн аврагч, 20 жил зүтгэсэн ахмад аврагч хоёрын хооронд ялгаа их л байгаа даа?

    Сүхбаатар дүүргийн 10 жилийн 6 дугаар сургуульд наймдугаар ангиа төгсөөд 1997-1999 онд Барилгын техникийн коллежид элсэн суралцаж, сантехник, гагнуурчны мэргэжлийг IV зэрэгтэй төгссөн. Сургуулиа төгсөөд л Онцгой байдлын албанд орсон болохоор бүх зүйл  шинэ. Учраа олохгүй, хамт олныхоо заавар, зөвлөмжөөр л ажилладаг байлаа. Миний багш үйлчилгээний гавьяат ажилтан С.Баавгай гуай байсан. Тэр хүнээс усчин аврагч ямар байх ёстой, аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулах арга тактикийг сурсан даа. Хамгийн анх аврагч болоод Төв аймгийн Лүн сум руу усны ослын дуудлагад явсан маань санаанаас гардаггүй юм. Тэгж л анх аврагчийн ажилтай танилцаж байсан болохоор сэтгэлд хамгийн тодхон байдаг. Долоо хоногийн томилолттой очсон ч 14 хоног эрлийн ажиллагаа үргэлжилсэн. Анхных байсныг хэлэх үү 14 хоног голд эрлийн ажиллагаа явуулсан болохоор тухайн үедээ их л хэцүү санагдаж байсан. Одоо эсрэгээрээ ажлынхаа ахмад ажилчдын нэг болоод шинэхэн аврагч нараа сургах, дадлагажуулах гээд өөрийн сурсан бүхнээ чадахаараа л зааж байна. Энэ бол бидний тогтсон хэвшсэн сайхан уламжлал. Залгамж халаагаа бэлтгэж байгаа том “сургууль” гэж ойлгодог. Зэвсэгт хүчний 122 дугаар ангид ажиллах зургаан жилийн хугацаанд 19 удаагийн  үер, усны дуудлага, 13 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар 84 хоног үүрэг гүйцэтгэн ажиллаж, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 60 иргэний амь насыг авран хамгаалж, 100 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 6 буцалтгүй нэрвэгдэгсдийг гарган ажилласан байдаг юм. Харин 2006 оноос хойш өнөөг хүртэл 812 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн 554 иргэний амь насыг аварч, 373 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 129 хүнийг эмнэлгийн байгууллагад хүргэж, иргэн аж ахуй нэгж байгууллагын 71 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 70 буцалтгүй нэрвэгдэгсдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна даа.

-Дуудлагын төрөл ч нэмэгдсэн байх, та ч туршлагажиж арга тактикаа зөв хуваарилдаг болсон гээд өөрчлөлт бас ажиглагддаг?

Ялгаа байлгүй яахав. Өмнө нь үер, ус, ой, хээрийн түймрийн дуудлагаар л үүрэг гүйцэтгэдэг  байсан бол үүн дээр нэмэгдээд нийслэлийн хэмжээнд гардаг зам тээврийн осол, өндрөөс аврах ажиллагаа, ахуйн хүрээний ослууд гээд 20 орчим дуудлагаар үүрэг гүйцэтгэж байна. Дуудлагаас дуудлагад туршлагажиж, дадлагажиж л байгаа аврагч шүү дээ. Тиймээс би аврагч болчихлоо гэж бодож байгаагүй. Насан туршдаа суралцдаг шүү дээ. Суралцсаар байгаад л халаагаа хүлээлгэж өгнө дөө.

Суралцах гэснээс мэргэжил дээшлүүлэх, туршлага судлахад хэр анхаардаг вэ?

Удирдлага, хамт олныхоо дэмжлэгээр байгууллагын хэмжээнд явагдаж байгаа сургалт дадлагууд, гадаадад туршлага судлах гээд томоохон үйл ажиллагаануудад тогтмол оролцож байна. ОХУ-ын Эрхүү мужид “Газар хөдлөлтөд эрэн хайх, аврах, сэргээн босгох” чиглэлээр 21 хоног, БНСУ-ын Олон Улсын KOICA төвөөс зохион байгуулсан “Газар хөдлөлтөд эрэн хайх, аврах” чиглэлээр 14 хоногийн сургалтад хамрагдаж, туршлага судалсан. Мөн 2019 онд зохион байгуулагдсан нийслэлийн иж бүрэн сургууль болоод дүүргүүдийн гамшгаас хамгаалах иж бүрэн, команд штабын сургуулиудад оролцож, мэргэжлийн ур чадвараа бататгах, алдаа, оноогоо дэнслэх гээд маш олон боломжийг олж хардаг шүү. Аврах ажиллагаа бол алдах эрхгүй цаг хугацаа. Аль болох богино хугацаанд үүрэг гүйцэтгэж байж, хүний амь насыг аварна. Эд хөрөнгийг нь хохирол багатайгаар хамгаалах боломжтой.

Та их дөлгөөхөн хүн юм. Ажил, мэргэжлийн ч онцлог байж болох. Нөгөө талаас хувь хүний хүмүүжил байх?

Таны хэлдгээр ажил, мэргэжлийн минь онцлог их нөлөөлдөг. Төрөл бүрийн л нүд хальтрам дуудлага хүлээж байдаг шүү дээ. Тайван байдлаар аливаа асуудлыг шийдэх нь сэтгэлзүйгээ зөв удирдахаас хамаарна. Сэтгэлзүй тогтвортой, элдэв зангүй байвал хамт олны минь ажлын тэнцвэр хүртэл тогтворжино гэж ойлгодог. Ухаан дутвал уур ноёлдог гэж ярьдаг шүү дээ. Аливааг зөвөөр харах нь чухал санагддаг.

-Ингэхэд аль нутгийн хүн билээ?

  Улаанбаатар хотод төрж, өссөн. Аав маань Архангайнх. Ээж маань Завханы гаралтай. Эцэг, эхээсээ дөрвүүлээ. Айлын том. 

-Танай гэр бүлийн хүнийг Онцгой байдлын албанд ажиллаж байсан гэж сонссон юм байна?

   Тийм. Эхнэрийг маань Т.Уянга гэдэг. Үндэсний аврах бригадад бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Анх 2005 онд энэ албанд ороход нь танилцаж, гэр бүл болж байлаа. Хүү маань цэргийн албаа хаагаад ирсэн. Хамтдаа Онцгой байдлын албанд зүтгэдэг болохоор ажлыг минь ойлгож, сайн дэмждэг дээ.

-Шинэ оноор ээлжтэй байх тохиолдол элбэг байдаг байх?

Тийм шүү. Хорин жил ажиллахдаа гурван жил он солигдох мөчид үүргээ гүйцэтгээд л зогсож байлаа. Он солигдохоос өмнө харьцангуй тайван байдаг. Харин шинэ он гараад дуудлага нэмэгдэх тохиолдол анзаарагддаг шүү.

Энэ жилийн хувьд амжилт, бүтээл дүүрэн байлаа. Ирэх жилийн томоохон төлөвлөгөө, зорилгыг нь сонирхмоор байна?

  Зарчим гэх юм уу.  Хийсэн ажилдаа эзэн болохыг л зорьдог. Хүн бүр үүргээ нэр төртэй биелүүлж чадвал багийн ажиллагаа ч сайн байна. Тэр хэмжээгээр үзүүлэх үр дүн сайжирна, дээшилнэ л гэж ойлгодог.

Танд болон танай гэр бүлд шинэ оны мэнд хүргэе.Сайхан баярлаарай?

   Баярлалаа. Хүнд, хэцүү, айдаст автуулсан коронавируст халдварт цар тахал арилж, хүн бүхэн эрүүл саруул байгаасай гэж хүсч байна. Намайг дэмждэг нийслэлийн Аврах анги-105-ын удирдлага, хамт олондоо маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Авран хамгаалах ариун үйлстэй аврагч бүрийн минь хүсэл бүхэн гэгээн, хөдөлмөрийнх нь үр шим цаглашгүй байхын ерөөл дэвшүүлье. Нийт ажилтан, алба хаагчдадаа шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх