Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/131321717_143562807269450_8252488358174551267_n.jpg

Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа коронавирусний халдвар манай улсад кластерлах хэлбэрээр тархсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, хатуу хөл хориог тогтоосон билээ. Энэ үеэр иргэд цахим орчинг ашиглан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах нь ихэссэн. Монгол улсын нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом зохион байгуулах нь хориотой байдаг.

Тиймээс цагдаагийн байгууллага энэхүү цахим орчин дахь хууль бус үйл ажиллагаанд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодрууллаа. 

- Сүүлийн үед цахим орчинд иргэд бооцоот тоглоом ихээр тоглох болсон. Энэ асуудалд та бүхэн чухам ямар шалгалтын ажиллагаа явуулж байгаа вэ?

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд гэрээсээ олон нийтийн цахим сүлжээ фейсбүүк орчинд урьдчилан тооцоолох боломжгүй мөрийтэй тоглоом зохион байгуулах, азтан шалгаруулах хууль бус үйл ажиллагааг шууд бичлэг /live/ хэлбэрээр зохион байгуулж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйл “Мөрийтэй тоглоом зохион байгуулах”-д заасан гэмт хэргийн шинжтэй тус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албанаас тогтмол хяналт шалгалтыг хийж ажиллаж байна.

- Шалгалтын үр дүнгийн талаар мөн хичнээн хүнд,  хуулийн ямар зүйл заалтаар хариуцлага тооцож ажиллаж байгаа талаараа тодорхой дурдвал?

Хөл хориог тогтоосноос хойш хугацаанд Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд хууль бус бооцоот тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулсан 182 этгээдийг олж тогтоон эрүүгийн хуульд заасны дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хүргүүлсэн. Одоогийн байдлаар 41 этгээдийг материалжуулан шилжүүлсэн. Мөн хууль бус бооцоот тоглоомын 27 үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсоож ажилласан.

Өчигдрийн /2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр/ байдлаар л гэхэд цахим сүлжээнд бооцоот тоглоом зохион байгуулсан 25 этгээдийг олж тогтоон үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

- Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд цагдаагийн байгууллагаас хууль тогтоомжид заасан эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэхээс гадна өөр арга хэмжээ авдаг уу?

- Цагдаагийн байгууллагын холбогдох алба нэгжээс олон нийтийн сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг фэйсбүүк групп, цахим хуудас эзэмшигчдэд эрүүгийн болон бусад холбогдох хууль тогтоомжийг танилцуулах ажил арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж ажиллаж байна.

Энэ ташрамд иргэд олон нийтэд анхааруулж хэлэхэд Та бүхэн маань эрүүгийн хуульд заасан бооцоот тоглоом тоглуулж ашиг олох нь хууль бус үйлдэл гэдгийг ойлгож, үүний цаана эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлаасай гэж хүсмээр байна. 

- Эрүүгийн хариуцлага хүлээнэ гэлээ. Энэ талаар тодоруулж болох уу? Магадгүй цаашид иргэдийг алдаа гаргахаас урьдчилан сэргийлэхэд тус болох байх.

- Тэгэлгүй яах вэ. Энэхүү хууль бус ажиллагаа нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттайг энэ хэрэгт холбогдогч зарим иргэд мэдээгүй байсан тохиолдлууд бий. Гэхдээ хууль мэдээгүй гэдэг нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх гэсэн ойлголт байдаггүй.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгж /450 мянган төгрөг/-ээс арван дөрвөн мянган нэгж /14 сая төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Энэ зүйлийн 2-д: “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгж /5.4 сая/-ээс хорин долоон мянган нэгж /27 сая/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн тус тус заасан байдаг.

Ярилцсанд баярлалаа.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх