Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/103058627_3053584178058440_9109925820072190667_n-1.jpg

Улсынхаа өмнө тангараг өргөсөн онцгойгийн алба хаагч байна гэдэг хүн бүрийн хүсээд хийдэг, амар ажил биш. Хүмүүс хэлдэг дээ. Амархан ажил гэж хаана ч үгүй гэж. Хэдий тийм боловч эх орон, ард түмнийхээ төлөө үүрэг хүлээсэн алба хаагчид амаргүй басхүү алдаж болохгүй хариуцлагатай ажлыг өдөр, шөнийг үл харгалзан хийдэг.

Хэдий хэцүү ч тэдэнд гомдоллох, шантрах эрх үгүй. Ийм л алба хаагчдын төлөөлөл болсон ОБЕГ-ын мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалантай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр өчигдөр/2020.06.07/-ны өдөр Улсын их дэлгүүрт гарсан галыг унтраахаар гэрээсээ яаралтай дуудагдаж ажилласан билээ.

-Өчигдөр УИД-т гарсан гал түймрийн үеэр автомашинаасаа буугаад хувцсаа сольж буй таны цахим орчинд тарсан. Та зургаа харсан уу?

-Харсан. Маш яаралтай дуудлага байсан учир тухайн үед хувцсаа сольж амжаагүй очсон юм. Хувцаслаж байхад хүмүүс зургийг минь дарчихсан байна лээ.

-Бэлэн байдалд албаныхаа хувцсыг үргэлж авч явдаг уу?

-Тийм ээ. Хэзээ ч дуудсан бэлэн байх үүднээс ажлын хувцас, гал унтраах хэрэгсэл, хамгаалалтын хэрэгслүүдээ машиныхаа ард байнга авч явдаг. Ер нь орхиж болохгүй л дээ.

-Өчигдөр амралтын өдөр байсан шүү дээ. Тухайн үед та юу хийж байв. Мэдээж гэр бүлийнхэнтэйгээ амарч байв уу?

-Өчигдөр ням гараг байсан. Гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ бага охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж байсан юм л даа. Хэлтсийн дарга маань залгангуут би гэрээсээ яаралтай гарсан.

-ХҮҮ МААНЬ “МИНИЙ ААВ МУНДАГ” ГЭЭД НАЙЗУУДДАА ОНГИРЧ ЯРЬДАГ-

-Гэр бүлийнхээ тухай манай уншигчдад танилцуулна уу?

-Манай эхнэрийг Э.Уянга гэдэг. Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуулийн багш. Бид хоёр хүүхэдтэй. Хүү маань 7, бага охин минь өчигдөр 4 нас хүрлээ.

-Хүүхдүүд нь аавынхаа завгүй ажлынх нь талаар гомдоллож байв уу. Өчигдөр гэхэд л охиныхоо төрсөн өдрийг орхиод гарсан байна шүү дээ.

-Үгүй шүү. Хүү маань аавынхаа ажлыг сайн ойлгодог. Миний аав мундаг гэж найзууддаа онгирч ярьдаг.

-Хань нь таны ажил мэргэжлийг хэрхэн ойлгож, хүлээн авдаг вэ?

-Хань минь л миний ажлыг хамгаас илүү ойлгож, намайг дэмждэг. Ажлын шаардлагаар гэр бүлийнхээ, хүүхдүүдийнхээ чухал мөчүүдэд хамт байж чадахгүй үе олон. Би Онцгой байдлын албанд 12 жил ажиллаж байна. Энэ хугацаанд хань минь л намайг дэмжиж, тусалж ирсэн. Ажлын шаардлагаар гал унтраахаар гэрээсээ олон хоног явах үе цөөнгүй. Өчигдөр л гэхэд намайг галын цэг дээр машинаараа хүргэж ирсэн. Тэгээд холдож чадахгүй машинаасаа хараад хүлээгээд л зогсоод байсан.

-ТҮЙМЭР УНТРААХААР ЯВААД 62 ХОНОГИЙН ДАРАА ГЭРТЭЭ ИРЖ БАЙЛАА-

-Өчигдрийн галыг унтраагаад хэдэн цагийн үед гэртээ харьсан бэ. Гэр бүлийнхэн нь унтчихсан байсан уу?

-Гэртээ ороод цаг харахад 01.00 цаг өнгөрч байсан. Хүүхдүүд маань унтчихсан. Харин хань минь гэртээ хүлээгээд л сууж байсан.

-Магадгүй таныг бэртэж гэмтэх вий гээд унтаж чадахгүй байсан болов уу. Гал унтраах 12 жилийн хугацаанд та биедээ бэртэл авч байв уу?

-Манайхаас хувийн хамгаалах хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг байнга явуулдаг л даа. Тиймээс энэ хугацаанд бэртэж гэмтэж байгаагүй. Хань маань ч надад үргэлж сонор сэрэмжтэй байхыг захидаг юм.

-Иймэрхүү яаралтай галын дуудлагад хэр олон дуудагдаж ажилладаг вэ?

-Саяхан Дорнод руу, Төв аймаг руу түймэрт явж ирээд удаагүй байна. Хөдөө орон нутгийг хамарсан түймэрт явсан нөхцөлд ер нь цөөндөө нь долоо хонодог. Түүнээс дээш сар, хоёр сар ч ажиллах үе бий. Хамгийн удаандаа 62 хоног ажиллаж байсан шүү.

-ХЭН НЭГНИЙГ АВАРЧ ЧАДАХГҮЙ АЛДАХ ВИЙ ГЭХЭЭС ИХ ЭМЭЭДЭГ-

-Амралтын үеэр ийн ажиллахдаа цалингийн нэмэлт авдаг уу?

-ОБЕГ-т ажилладаг учраас улсын хэмжээний обьектын ойр орчимд гарсан галд яаралтай очих үүрэгтэй байдаг. Ийм үед цалингийн нэмэгдэл, урамшуулал бодогддоггүй. Учир нь ийм дуудлага бидний ажлын нэг хэсэг юм. Харин томоохон түймэрт дуудагдаад, ажиллавал цалингаас гадна томилолтын мөнгө олгодог.

-Өчигдөр яаралтай дуудагдаад очход юу бодогдож байв. Гал унтраагаад харих үеийн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?

-Хүний алтан амь үрэгдээгүй байгаасай. Хэтэрхий оройтож очих вий гэхээс маш их эмээсэн. Хэдий охины минь мэндэлсэн өдөр байсан ч хэн нэгний эмгэнэлт өдөр бүү байгаасай гэж бодсон. Ер нь дуудлага бүрийн дараа нэг тийм түгшсэн эмээсэн мэдрэмж дагаж байдаг. Хэн нэгнийг аварч чадалгүй, алдах вий гэхээс л их айсан. Хэдийгээр олон хүний хөрөнгө, эд материал үрэгдсэн ч, золоор хүний амь эрстээгүй учраас сэтгэлд өег байлаа. Иймд хүмүүс маань үргэлж сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг үргэлж хангаж байгаасай л гэж хүсдэг дээ.

-Цаг зав гарган бидэнтэй хэсэг хором ярилцсанд маш их баярлалаа.

Баярлалаа.

эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

5
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Ж.Ганбаатар

[192.82.77.5]

2020-06-08 21:55:10

Тангарагтаа үнэнч, шилдэг алба хаагч. Багш нь та бүхнээрээ бахархаж байна