Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/99127100_807905486283973_4169042587207860224_n.jpg

Цагдаагийн байгууллагын ажил цагдаагийн үндсэн ангид сурсан алба хаагч нараас гадна сайн эдийн засагч, жолооч, санхүүч, сэтгэлзүйч,  оёдолчин, засварчин, токарчин, инженер гээд бүх төрөл мэргэжлийн алба хаагч нарын  хичээл зүтгэлээр бүтдэг. Энэ ажил албыг залгуулдаг хүмүүсийн нэг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Төлөвлөлт зохион байгуулалт, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн алба хаагч, шууданч цагдаа  цагдаагийн дэд ахлагч О.Чинбаттай уулзлаа.  Улаанбаатар хотынхоо дүүрэг хороо, газар хэлтэс хаана ч очсон тааралдах шууданч цагдаа залуу цагдаагийн байгууллагын улаан тамгатай энгийн болон нууц, маш нууц, онц чухал, яаралтай бичгүүдийг цаг хугацаанд нь найдвартай хүргэх  хариуцлагатай үүрэг хүлээсэн алба хаагч. Түүнийг яг бичгүүдээ хүргэхээр гарахаас  нь өмнө цөөн хором ярилцлаа.

Цагдаагийн алба хаагч болох ажлын гараагаа хэрхэн эхлэсэн бэ?

Манай ээжийн хамгийн том ах нь цэргийн хүн байсан юм. Би хүүхэд байхдаа нагац  ахыгаа дагаад байгууллага дээр нь очоод дүрэмт хувцастай, дэг журамтай хүмүүсийг хараад маш их бахархдаг байсан. Тэгээд ахыгаа хараад үргэлж бахархаж, том болоод цэрэг цагдаагийн алба хаагч болно гэсэн мөрөөдөлтэй болсон. Тэр мөрөөдөлдөө хүрэхээр хичээж яваа залуусын нэг

Анхны томилолтоо аваад хэрхэн эхлүүлж байв?

Би анх 2016 онд Олон нийтийн цагдаагаар ажлын гараагаа эхлэж байсан. Ингээд удалгүй 2017 оны 3 дугаар сард ахлагчийн дамжаанд явах болж, төгсөж ирээд Сүхбаатар дүүрэг дэх  цагдаагийн 1 дүгээр хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дуудлагын цагдаагаар ажилласан. Тэгээд 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотын цагдаагийн газар нэртэй байхад шуудан хүргэгч цагдаагаар томилогдоод гурав дахь жилдээ энэ ажлаа хийж байна.  Залуу хүний хувьд ажлыг багаас нь эхлүүлсэндээ урамтай байдаг. Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасаа өмсөөд хүмүүстэй  Амрыг эрье гэж мэндчилээд ажиллаж байгаадаа их урам зоригтой байдаг. Одоо Түшээ дээд сургуульд эчнээгээр эрх зүйн ангид суралцаж байна. Цаашдаа  цагдаагийн байгууллагадаа илүү сайн ажиллана гэж боддог.

Таны ажлын өглөө хэрхэн эхлэж, өдрийн ажил хэдэн цагт дуусдаг вэ? Олон газар бичиг хүргэнэ гэдэг их цаг хугацаа шаардсан ажил болов уу?

Өглөө ажилдаа ирээд бичгүүдээ бүртгэлд аваад яаралтай гарна. Нийслэлийн цагдаагийн удирдах газраас  иргэд, албан байгууллагад хандсан  яаралтай болон тодорхой хугацаатай бичгүүдийг цаг хугацаанд нь хүргэх бол миний гол ажил. Өдөртөө ачаалал ихтэй цагтаа 40-50 бичиг, ачаалал бага байвал 15-20 бичиг хүргэнэ. Яаралтай бичгээ  хамгийн түрүүнд байгууллага, иргэнд хүргэж өгөөд  үргэлжлүүлээд явдаг  юм. Заримдаа өдрийн цайны цагаар  уух зав гарахгүй байх үе ч олон байдаг  ч хугацаандаа бичгүүдээ хүргэчихээд явж байх л хамгийн том аз жаргал.

Ажлын байрны тодорхойлолтод таны ажил ямар үүрэгтэй байдаг вэ?

Миний ажил бол Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчдаас дээд шатны байгууллагууд болон  харьяа газар, хэлтэс, тасаг төв байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хүргэх албан бичгийг хүлээн авч бүртгэл хөтлөн, цаг хугацаанд нь хүргэх үүрэгтэй. Нууц болон энгийн бүртгэлийн дэвтэр хөтлөнө энэ тэр гээд нарийн. Монгол шуудангаар илгээх тохиолдол ч байна. Хаягаар нь хүргэж өгсөн өргөдөл гомдол, албан бичгийн хариуг  хүлээн авч буй хүнээр нь гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө. Иргэний утасны дугаар холбогдохгүй байх хэцүү. Одоохон гарч ирнэ, хүлээж  бай гээд хүлээлгэчихдэг. Дараагийн бичгүүд хүлээгдээд байдаг. Ажил хийж байгаа юм чинь энэ мэт том, жижиг асуудал гарна даа. Гэхдээ миний үүрэг юм чинь цаг тухайд нь  шийдвэрлээд  явчихдаг юм.  

Бичгээ  хэрхэн  хүргэж өгдөг вэ? Шаардлагатай үед албаны унаа хэрэглэдэг үү ?

Бичгүүдээ аваад байгууллагадаа хамгийн ойроос эхлэн хүргэж өгөөд үргэлжлүүлээд автобусаар голдуу явдаг. Уг нь би  дугуй унах дуртай. Даанч дугуйны зориулалтын зам, зогсоол хүрэлцээгүй учир  унахаа больсон.

Мөн нэг хэсэг өөрөө машин бариад бичгээ хүргэж өгөхөд байрлуулах боломжгүй  цаг их авдаг учир автобусанд суугаад хүргэх нь илүү  амар байна. Анх томилогдоод байгууллагуудын байршил, иргэдийн гэрийн хаягийг олоход амаргүй байсан юм. Заримдаа яаралтай гээд таксидаад явах тохиолдол байна. Маш яаралтай хүргэх ёстой бичиг бас их гардаг . Ямар ч байсан миний гол үүрэг бол бичгийг хугацаа хожигдуулж ёстой болохгүй.

Одоо  чинь  байгууллагуудын үйл ажиллагаа цахимжаад хүргэх бичиг багасаж байна уу?

Цагдаагийн байгууллагын хүний нөөц, томилгоо, албаны  шалгалттай холбоотой бичгүүд бол заавал албан тоотоор  дугтуйтай хүргэж өгдөг. Иргэний хариутай бичиг бас олон  байдаг. Энэ бичгийг заавал иргэнд хаягаар нь хүргэж  өгөх ёстой учир иргэний хэлсэн газар нь хугацаанд нь хүргэж өгдөг.  Иргэд утсаа авахгүй, хаяг нь тодорхой биш, ажлын бус цагаар гэрт аваад ир гэх тохиолдол гарах нь цөөнгүй. Өдөртөө амжиж хүргэх гээд гэрийнх нь хаягаар хүргэнэ.   

Иргэдийн хаягаар  хүргэж өгөхөд, зарим иргэд бухимдлаа гаргаж танай цагдаа ийм тийм, чи залуу хүн байж цагдаагаас гар гэж  хүртэл уурлах хүн байдаг.  Тэр үед нь хааяа сэтгэлээр унах тохиолдол байдаг ч гомдол саналыг холбогдох албан тушаалтанд уламжилаад дараагийн ажилдаа шилжээд л явчихдаг юм.  Иргэд гомдол гаргаад 1-2 удаа байгууллагынхаа дотоод хяналт шалгалтад шалгагдсан тохиолдол бий. Гэхдээ би ном журмаараа ажилласан учраас  сахилга, шийтгэл хүртсэн тохиолдол бол одоохондоо байхгүй байна.

Иргэнд хариутай бичгийг яг гарт нь өгөх ёстой юу?

Тэгэлгүй яахав. Иргэнд өөрт нь өгөхгүй бол хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл байдаг.  Маш нууц, нууц,  гарт нь гэсэн олон ангилалтай учраас  энэ журмаараа хүрэх шаардлагатай байдаг юм.

Хүн бүхэнд ажил албаараа бахархдаг сайхан бодол, чин сэтгэлийн үг байдаг. Таны хувьд юу гэж хэлэх вэ?

Би Нийслэлийн цагдаагийн газрынхаа ажлыг хэвийн явуулахад өөрийн чиг үүргийнхээ дагуу үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ хувь нэмрээ оруулж, тус дэм болж байна гэж боддог. Бичгүүдээ хүргээд явж байхад, “Яаралтай бичиг  байсан юм. Хугацаанд нь аваад ирсэнд баярлалаа” гэх талархалын үгнээс их урам авдаг.  Ашгүй дээ гээд дараагийн бичгээ хүргэхээр явна. Ууртай цухалдуу хүмүүс ч цөөнгүй тааралдна. Олон жил ажиллаад ирэхээр байгууллагын хаяг байршилаа сайн мэддэг болоод ирдэг юм. Мөн иргэдтэйгээ хэрхэн ажиллах тухайгаа мэддэг болсон болохоор түүртэх зүйлгүй, алдаа гаргахгүй ажиллахын төлөө хичээж байна. Өдөржин алхаад хааяа хөл өвдөх үе байдаг ч маргааш өглөө нь эрч хүч дүүрэн ажилдаа ирдэг. Бүх бичгүүдээ эздэд нь хугацаанд нь хүргэчихээд ажил дээрээ буцаад ирэхэд их сайхан байдаг.

Ээж нь хүүгээрээ хэрхэн бахархаж  баярладаг вэ?

Ээж минь намайг цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагаар хамгийн их бахархдаг хүн. Бүх ээжүүд хүүгээрээ ингэж бахархдаг байх гэж би боддог. 2017 онд Нийслэлийн цагдаагийн газрын даргын баярын бичиг авахад ээж минь их баярласан. Би байгууллагынхаа шатар, даамны тэмцээнд оролцдог. Ноднин байгууллагынхаа 100 буудалт даамны аврага болсон. Сагсны тэмцээнд ороод хүрэл, хөл бөмбөгийн тэмцээнд ороод алтан медаль авсан гээд байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцох дуртай. Энэ бүхэнд ээж минь их баярладаг. Ээжээрээ болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын  хамт олноороо маш их бахархаж баярлаж явдаг юм.  Та нартаа маш их баярлалаа гэж хэлье.

Бидний ярилцлага цөөн хором  үргэлжилэхэд утасны дуудлага нь үргэлж хангинаж, бичгүүдээ хүргэхээр яаран явлаа. Залуу хүн ажлыг багаас нь хийж эхлэн, хүсэл  мөрөөдлийнхөө зүг аливаад чин сэтгэлээс хандан ажиллавал зорьсондоо хүрдэг хорвоо. Эрхэм шууданч цагдаа танд Нийслэлийн цагдаагийн удирдах газрынхаа ажил албыг залгуулах хүндтэй ажилд тань амжилт хүсэж байна.

эх сурвалж: police.gov.mn

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[147.147.106.31]

2020-06-04 16:22:01

jmarch orond muu ym bolohod hun ehleed tsagdaagl duuddag tedniig hundlez hairlaz baival taniig ulam sain hamgaalna tsagdaa huud amzilt husie

Зочин

[202.55.191.194]

2020-06-04 12:31:58

бууны нохой