Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгахаар болсон талаар бид мэдээллэсэн.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлийн дуудлага хоёр дахин нэмэгджээ. Тиймээс бид энэ талаар НЦУГ-ын ахлах мэргэжилтэн Б.Алтанзулаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн баар, караоке ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчил нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нийслэлийн ЗАсаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 тоот захирамж гарсан. Үүнтэй холбогдуулан нийслэл хотын хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээний газруудын цагийн хуваарийг 07-00 цаг хүртэл ажиллах эрхийг олгосон. Ингэхдээ тухайн газраар үйлчлүүлж байгаа иргэдийн хоорондох зайг тодорхой хэмжээнд барих, тэдэнд амны хаалт болон гар ариутгагч байх мөн үйлчлүүлэхээр ирсэн иргэдийг халууныг хэмжих зэрэг хэд хэдэн шаардлагыг тусгаж өгсөн байгаа.
Тиймээс тус захирамжийн хэрэгжилтэнд НЦУГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, хэв журмын хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан. Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрсэн бөгөөд зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох саналыг нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлэн ажиллалаа.
Тухайлбал: Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ""LUX"" баар, мөн тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "ZU" баар цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан, олон тооны хүмүүсийг амны хаалтгүй нэг дор олноор нь цуглуулсан болон үйлчилгээний хүмүүс нь зориулалтын хамгаалалтын горимыг хангаагүй гэх мэт зөрчлүүд бүртгэгдсэн.
Гэмт хэрэг зөрчилтэй холбоотой дуудлага мэдээллийн хувьд өнгөрсөн амралтын өдрүүдэд (2020.05.02-03) нийт 1502 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол түүний өмнөх амралтын өдрүүдэд (2020.04.25-26) 755 бүртгэгдсэн байна.
Ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд энэ оны эхний гурван сарын байдлаар 5260 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 329 буюу 6,2 хувь нь согтуугаар үйлдэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6,8 хувиар буурсан байна.
- Цахим орчинд баарны гадаа амны хаалтгүй олон тооны залуус дугаарлаж зогсож байгаа дүрс бичлэг болон зургийг нийтэлсэн байсан. Тухайн зөрчилд цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
- Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх болон олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байгууллага. Бид УОК болон НОК-оос гаргасан захирамжийн хэрэгжилтэнд нэгдүгээр сарын 17-ны өдрөөс хойш гарсан бүх захирамжинд хяналт тавьж ажиллаж байгаа. Энэ хүрээнд захирамжийг зөрчиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад Монгол улсын зөрчдийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудын дагуу зөрчил бүрт нь хариуцлагын арга хэмжээ авч ажиллаж байна.
Тиймээс энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгуулагуудад өөрсдийн болон өөрөөлийн эрүүл мэндийн төлөө захирамжийн дагуу ажиллахыг уриалж байна.
Мэдээлэл өгсөнд баярлалаа