Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/93494213_673574996740287_7747680140770934784_n.jpg

Өнөөдрөөс эхэлж нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчийг олон нийтийн цагдаагаар ажиллуулахаар болж холбогдох журам батлагдсан талаар бид мэдээллэсэн билээ. Тиймээс энэхүү журмын хэрэгжилт хэзээнээс эхлэх талаар болон өмнө гаргасан журмуудын хэрэгжилтийн талаар НЦУГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.

-Хэсгийн ахлагч нар дөрөвдүгээр сарын 15-наас олон нийтийн цагдаагаар ажиллаж, иргэдэд хяналт тавихаар болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

- Өнөөдрийн байдлаар нийслэлд 180 гаруй олон нийтийн цагдаа ажилладаг бөгөөд тэд Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өнгөрсөн даваа гаригт нийслэлийн 173 хорооны хэсгийн ахлагч нарыг цахим сургалтанд хамруулж улмаар тэднээс шалгалт авсан.

Тус шалгалтанд  тэнцэж олон нийтийн цагдаагаар ажиллах эрхтэй болсон хүмүүс дээрх 180 гаруй олон нийтийн цагдаа нарын адил харьяа газрууддаа үүрэг гүйцэтгэх болно.  Өмнө нь хэсгийн ахлагчид торгууль тавьж, зөрчил шийдвэрлэх эрхгүй байсан бол НИТХ-аас гаргасан шинэчилсэн журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар буюу торгууль ноогдуулах эрхтэй болж байгаа юм. Ингэсэнээр тэр бүр алба хаагчдын хүрч хяналт тавьж, хүрч чаддаггүй газарт төрийн хяналт очих боломжийг бүрдэж байна. 

- Тэдэнд нэмэгдэл цалин урамшуулал олгох уу?

- ИТХ-аар баталсан журмын дагуу хэсгийн ахлагч нарын гүйцэтгэх ажил үүрэгт нь  олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн нэмэлт хэсэг орж ирсэн. Нэг ёсондоо олон нийтийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг л дээ. Мөн олон нийтийн цагдаагийн урамшуулал нэмэгдэх эсэхийг ИТХ-аас  шийдвэрлэнэ.

- Тэгвэл өнөөдрөөс эхэлж шинэ олон нийтийн цагдаа нар журам зөрчсөн иргэдэд хариуцлага хүлээлгэж торгууль ноогдуулж эхлэнэ гэсэн үг үү?

- Үгүй ээ. Одоогоор тэдэнд торгох эрх нь олгогдоогүй байгаа. Эхний ээлжинд олон нийтийн цагдаа гэсэн бичиг бүхий хантааз болон малгай оёулж байгаа бөгөд удахгүй тарааж өгнө. Мөн яваандаа торгуулийн хуудас олгоно.

- Яваандаа торгуулийн хуудас олгоно гэлээ. Гэхдээ тэдний торгууль ноогдуулж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавих вэ?

- Олон нийтийн цагдаад мэргэжил арга зүйгээр хангах нь цагдаагийн байгууллагын үүрэг. Тиймээс харьяа дүүргийн цагдаагийн байгууллага болон НЦУГ-аас үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах болно. 

- Маск зүүгээгүй иргэдийг торгоно гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгөөч?

- Монгол улсын  Гамшгаас хамгаалах тухай хуулинд иргэний үүргийг хуульчилж өгсөн байдаг. Тодруулбал, Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2 дугаар зүйлд Иргэн гамшгаас хамгаалах талаар үүргийг заасан байдаг. Мөн 37.2.3 дахь хэсэгт Өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах гэж заасан.

Өөрөөр хэлбэл, иргэний амны хаалт хэрэглээгүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд хамаарч байгаа юм. 

Мөн энэ зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт зааснаар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн харъяалан шалгах зөрчилд хамаардаг.

Иймд  гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн эрхтэй эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчил үйлдсэн нь тогтоогдсон үйлдэлд шийтгэл оногдуулна гэсэн үг.

- Өнгөрсөн хугацаанд гудамжинд ил задгай хог хаях болох нус цэрээ хаясан хичнээн тохиолдолд хариуцлага тооцсон бэ?

- Уриалга гаргах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” А/168 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж Зөрчлийн тухай хуулийн 5.1 зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин олон нийтийн газарт нус цэр, шүлс хаясан бие зассан, хог хаясан зөрчил гаргасан 13920 хүнд хялбаршуулсан журмаар 140.067.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ тооцсон.

Үүний 9971 нь буюу 71.6 хувь нь хог хаясан, 2874 буюу 20 хувь нь олон нийтийн газарт нус цэр, шүлс хаясан, 1165 буюу 8.3 хувь нь бие зассан зөрчил гаргасан байна.

COVID-19-ын халдавараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн захирагч маш олон захирамж гаргасан. Тэдгээр захирамжуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Шинэ төрлийн коронавирустэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга олон тооны захирамжуудыг гаргасан. Тэдгээрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр НЦУГ болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэээс холбогдох  хяналт шалгалтуудыг тасралтгүйгээр зохион байгуулж байна. Тухайлбал: "Өнгөрсөн нэгдүгээр сарын  27-ны өдөр гарсан А/108 дугаар захирамжийг хэрэгжилтэд хяналт тавьж нийт 101 зөрчлийг илрүүлсэн. Үүний дараар А/223 дугаар захирамжийг хэрэгжилтэд хяналт тавьж нийт 104 зөрчлийг илрүүлсэн, А/333 дугаар захирамжийн хэрэгжүүлэх чиглэлээр гуравдугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 16-ныг хүртэл хяналт, шалгалт хийж нийт 7 зөрчил илрүүлсэн бол А/436, 438 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж 40 зөрчил илрүүлсэн. Ингээд нийтдээ нийслэлийн хэмжээнд 252 зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлэн хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч ажилласан.

Түүнчлэн удаа дараа зөрчил гаргасан 26 цахим тоглоомын газрын бүртгэлийн гэрчилгээг цуцлуулах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд, зөрчил гаргасан архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг 51 аж ахуй нэгж байгууллагын мэдээллийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд тус тус хүргүүлсэн байгаа.

Үүнээс гадна Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар 31 аж ахуйн нэгж байгууллагын архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх